НИЙТЛЭЛЧ

ЖИНХЭНЭ ЯЛАГЧ хэн бэ?

Гэрэл зургийг MPA.mn

Монгол Улсын зургаа дахь Төрийн тэргүүнийг сонгох хуулийн хугацаанд багтааж парламентад суудалтай хоёр нам, нэг эвслээс нийт дөрвөн нэр дэвшигчийг тодруулав. Тэдгээр нь МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас Н.Алтанхуяг, С.Эрдэнэ, ХҮН, МСДН, ЗЁН-ын “Зөв хүн электорат эвсэл”-ээс Д.Энхбат. Одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй талаарх Цэцийн дүгнэлт гарсан өдрөөс ил далдаар улс төрийн хүрээнд явсан хардлага, шүүмжлэл, эргэлзээ ийнхүү бодит хөрсөн дээр бууж, гал тэрэг хэдийнэ хөдөллөө. Уг нь 2020 оны сонгуулийн үр дүнгээр бүрэн эрхээ хэрэгжүүлсэн парламентад Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх дөрвөн квот хадгалагдаж байсан ч “Та бидний эвсэл”-ийг бүрдүүлэгч МАХН төрхөмдөө буцаж, МАН-тай нэгдсэнээр уг тоо нэгээр цөөрсөн хэрэг.

Дараалсан сонгуулийн ялагдал нь дотоод зөрчлийг нь улам өрдөж, хоёр дарга, хоёр тамга, хоёр бодлого зэргээр бүхэлдээ хоёрын тоонд дөрлүүлж, дөнгөлүүлсэн АН-аас мөн л хоёр нэр дэвшигч тодруулчихлаа. Голын хоёр талд гарчихаад хоёр өөр хүнийг батламжилж, балиашиглаж суугаа АН-ын хувь заяаг Сонгуулийн ерөнхий хороо, шүүх байгууллагаас эцэслэж, мухарлах нь. Нийт дөрвөн нэр дэвшигч хэмээн тодотгосон шалтгаан энэ. Гэхдээ ЖИНХЭНЭ ЯЛАГЧ хэн бэ? гэдэг нь сонгуулийн сурталчилгаа эхлэхээс санал хураах өдөр хүртэл, тэндээс гарах үр дүнг зарлатал хот, хөдөөгүй чих тавих сэдэв байх нь.

Таван жил босгосон рейтинг

“У.Хүрэлсүх 2021 онд Ерөнхийлөгч болохын төлөө!…”. 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хүний өөрийн хамтарсан 40 гишүүний дэмжлэгээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудалтайгаа үлдэхэд ийм нэгэн ерөөл бүхий оргилуун дарстай бичлэг олон нийтийн сүлжээнд түгэж байв. Санаатайгаар цацаж, түгээсэн үү? эсвэл санамсаргүйгээр бичсэн нь “Г.Доржзодов ажиллагаа”-нд өртөж, тараасан уу хэлж мэдэхгүй. Тэр цагаас У.Хүрэлсүх улс төрийн өрөг дээр ээлж дараалсан том нүүдлийг хийж, замаа цэвэрлэж эхэлсэн юм. Хэрвээ М.Энхболдын талын гэгддэг гишүүд АН-тай хавсарч Засгийн газрыг нь унагаасан бол өнөөдөр У.Хүрэлсүх МАН-ын дарга байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрхгүй сул гишүүн, магадгүй гудамжинд лааз өшиглөх байв.

Харин АН-ын гурав, бие даагч нэг гишүүний тусламжтайгаар албан тушаалаа хадгалсан нь намдаа төдийгүй нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх алхам болсон юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон парламентад тушаа болж ирсэн М.Энхболдыг УИХ-ын даргаас нь буулгаж, Засгийн газрынхаа “гал тогоо”-г зангидаж явсан Г.Занданшатарыг дэвшүүлэн томилуулж, эхний замаа зассан. Ерөнхийлөгч хэмээх засаглалын том мөчиртэй ойр шадарлаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд хэд хэдэн шинэчлэлд Х.Баттулгаас ирэх улс төрийн хүчийг зөөлрүүлсэн нь уран нүүдэл байв. “60 тэрбум”-ын хэрэгт нэр холбогдогчдоос гадна ёс зүйн асуудалтай бүхний нэр дэвших эрхийг хязгаарлаж, /тэрэнд нь М.Энхболд хүртэл багтсан/ багаа өөрөө бүрдүүлж, түүнийгээ тэргүүлэн сонгуульд оролцсон, 62 суудлыг авсан зэрэг нь У.Хүрэлсүхийн гавьяа.

Гэрэл зургийг MPA.mn

Үндсэндээ Засгийн газартайгаа хамт суудал нь дэнчигнэж явсан тэрбээр хоёр хүрэхгүй жилийн хугацаанд үндэсний хэмжээний лидер болсноо зарлаж, ээлжит сонгуулиар хүлээн зөвшөөрүүлсэн юм. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй эрх мэдлийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр өөртөө төвлөрүүлж, АТГ-ын удирдлагыг хүртэл санал болгох бүрэн эрхтэй Ерөнхий сайдын суудлаасаа сайн дураараа буусан нь ч түүнийг гэх нийгмийн дэмжлэгийг улам өрдсөн байх талтай.

Гагцхүү Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгосон Цэцийн шийдвэрийн ард У.Хүрэлсүх байсан хэмээх явган яриа намжаагүй байхад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших цор ганц хүнээр өрсөлдөгчгүйгээр тодорсноор таван жил босгосон рейтингээ жингийн туухайн дээр бодитоор хэмжүүлэх сорилттой нүүр тулах нь. Намаас гарсан бодлого шийдвэр бүр нь хууль юм шиг бууж, хэрэгждэг нь МАН-ын онцлог ч нэгэн цагийн хамтрагч яваад түгжилдүүлсэн Х.Баттулга тэргүүтэй хэсгээс ямар хариу барих нь өнөөдөр биш юм гэхэд сонгуулийн сурталчилгааны үеэр ирэх нь лав.

Цавуутай хоёр

Улс төрд түүх давтагддаг нь үнэн бол тэр нь одоогийн С.Эрдэнэ, Н.Алтанхуяг нараар илүү тодорно. 2012 оны парламентад АН-ыг олуулаа болгосон нь Н.Алтанхуягийн зүй ёсны гавьяа ч С.Эрдэнэд итгэсэн нь алдаа байв. Учир нь, намынхаа түүхэнд хамгийн удаан АН-ын дарга, Ерөнхий сайдаар ажилласан, дараалсан сонгуулийн ялалтыг түүчээлсэн зэрэг рекордын эзэмшигч Н.Алтанхуягийн улстөрчийн замналд цэг тавих хүн нь С.Эрдэнэ тэргүүтэй гишүүд байлаа. Засгийн газрыг нь огцруулж, намын даргаас буулгаснаар Төрийн ордны хоёр давхарт зургаа өлгүүлсэн Ерөнхий сайд төдий сул гишүүнээр үлдсэн гашуун үнэн Н.Алтанхуягийнх. Хамаарал бүхий хүн болгоныг хуулийнхан шалгаж, цагдан хорьж эхэлсэн нь Н.Алтанхуягийг хүчгүйдүүлж, ганцаардуулахын хэрээр АН доторх С.Эрдэнийн орон зай улам тэлж, томорч байсан юм.

Гэрэл зургийг MPA.mn

Харин Н.Алтанхуягийг огцруулснаас долоо, С.Эрдэнийг АН-ын даргаар сонгосноос дөрвөн жилийн дараа тэд дахин “учирлаа”. Ингэхдээ зөвхөн сонгуулийн өрсөлдөгчөөр хязгаарлагдсангүй. 2016 оны сонгуулийн дараагаас хурцдаж, өнгөрсөн таван жилийн хугацаанд үргэлжилсэн ч ялагч нь тодроогүй “цавуутай хоёр”-ын маргааныг таслах эцсийн бөгөөд албан ёсны газар Сонгуулийн ерөнхий хороо, шүүх байх нь. 2020 оны сонгуулийн өмнөхөн АН-ын даргын хувиар Н.Алтанхуягийг АН-аас хасч, МАХН-ын О.Баасанхүүг урьж, элсүүлээд Эрдэнэтэд тойрог хуваарилсан үйлдэл нь С.Эрдэнийнх. Үүнд эгдүүцсэн Н.Алтанхуяг зөрүүлээд бие даасан, Эрдэнэтээс. Босоо явсан Баянголдоо С.Эрдэнэ унаж байхад, Н.Алтанхуяг Эрдэнэтээс ялалтаа баталгаажуулж байв. Энэ удаад Н.Алтанхуягийн талд хүрд эргэжээ.

Гэвч албан тушаалаасаа сайн дураар огцрохоо мэдэгдэж, Ц.Тувааныг түр орлон гүйцэтгэгчээр томилчихоод одсон С.Эрдэнэ АН-д аврагчийн дүрээр дахин хүрч ирсэн нь олон нийт гэхээсээ Н.Алтанхуягт “гэнэтийн бэлэг” болов. С.Эрдэнэ, Ц.Туваан хэмээх хоёр даргын асуудал бугшиж, бугласаар М.Тулгат, О.Цогтгэрэл гэсэн хоёр залуу даргыг шинээр тодруулсан нь саяхан. Асуудал одоо л цэгцрэх нь гэтэл алийг нь ч Дээд шүүх АН-ын даргаар бүртгээгүй. Хоёр талд гарсан АН-ын урд хариуцлагатай цаг үе нэгэнт ирсэн ч Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нэртэй хоёр нэр дэвшигчийг тодруулснаар бүхэлдээ унаж мэдэх асуудал үүсч болзошгүй. Хамгийн гол нь, энэхүү эрсдэлээрээ дэнчин тавин байж Сонгуулийн ерөнхий хороо, шүүх, шүүгчийн алханд найдлага тээсэн АН-ын хувь заяа С.Эрдэнэ үү? эсвэл Н.Алтанхуяг уу? гэсэн хоёр улстөрчийн хэнийг нь бүртгэхээс шалтгаалахаар болсон нь өөрөө цаг хугацааны шоглоом гэлтэй.

Хуучин жишиг, шинэ ХҮН

Анхнаасаа монголчууд нэрт эрдэмтэн Л.Түдэв гуайг Төрийн тэргүүнээр сонгох байсан тухай харамсал одоо ч заримынх нь ой тоонд хадаатай явах нь бий. Үндэслэлтэй, үнэний ортой л халаглал. Үндсэн хуулийн зүйл заалт, парламентын засаглалтай Монголд Ерөнхийлөгч гэдэг албан тушаал Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн тодотголоороо төгөлдөрших ёстой атал намуудын сонголт, нэр дэвшиж, ялалт байгуулсан эрхмүүдийн үйлдэл үүнийхээ эсрэгээрээ явсан гэдэг юм. 1993 оноос хойш 28 жилийн хугацаанд П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж гэсэн дөрвөн Ерөнхийлөгчийн үед өөр өөрийн хэмжээнд Засгийн газар, парламентын эрх мэдлээс зулгааж, зулгаах гэж оролдож ирсэн нь бэлээхэн жишээ. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд ч улс төр өөрөө савлагаатай, тодорхой хэмжээнд Төрийн тэргүүнээсээ хамааралтай явж ирсэн юм. Нэг үгээр үндэсний эв нэгдлийг хангахуйц тулхтай, туршлагатай, түшигтэй, эрдэм боловсролтой, айл өрхөөр аав хүний дайтай нэгнийг өрсөлдүүлж, сонгуулах ёстой байтал мэргэшсэн улстөрчдийг тэргүүндээ залж, ирснийхээ горыг монголчууд хангалттай амссан.

Гэрэл зургийг MPA.mn

Уламжлал болтлоо тогтсон хуучин жишгийг халж, улс төрийн гуравдагч хүчнээс шинэ ХҮН-ийг тодруулсан нь Д.Энхбат. Монголд интернэтийг нэвтрүүлэх анхны шанг татахаас эхлээд УИХ, “Датаком”, “Нээлттэй мэдлэг боловсролын сан”, “Форум”, Ногоон Намын гээд түүний овоглох, таних тэмдэг, түүчээлсэн зүйл олон. Монголд хуруу дарам байгаа зүйлсийн нэг оюун санааны манлайлагчид гэдэг тэдгээрийн гол төлөөлөл нь Д.Энхбат. Гэхдээ нийслэлийн хэмжээнд ялангуяа нийгмийн сүлжээнд Д.Энхбатыг таньж, мэддэг нь түүний хамгийн том зовлон. Өөрөөр хэлбэл, 28 жилийн турш мэргэшсэн улстөрчдийг сонгож ирсэн суурин дээр “Зургаан жилээр нэг удаа сонгох” заалттай шинэ дүрмийг шууд хэвшүүлэх нь өнөөдөртөө боломжгүй. Яг л 1993 онд Л.Түдэв, 1997 онд Ж.Гомбожав, 2001 онд Л.Дашням гуай нарын боловсролтой хэсгийг нэр дэвшүүлээд амжилт олоогүй шиг зовлон өнөөдөр Д.Энхбат ирж таарна. Мэдээж цаг үеийн шаардлага, нийгмийн уур амьсгал өмнөхөөсөө өөрчлөгдөж буй нь түүнд найдлага төрүүлэх шалтгаан.  

Энэ бүгдээс харахад энэ сонгуулийн ЖИНХЭНЭ ялагч нь хэн бэ? Ерөнхий сайд болох үеэсээ Ерөнхийлөгч болох замыг засч, таван жил босгосон рейтингээ тэврээд орж байгаа У.Хүрэлсүх үү, эсвэл Сонгуулийн ерөнхий хороо, шүүхээр олон жилийн зөрчлөө дэнслүүлэх, бүр хамтдаа унаж мэдэх нөхцөлтэй нүүр тулах Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нарын аль нэг үү?. Зөвхөн улстөрч нэр дэвших ёстой гэх уламжлалыг халж, мэдлэг боловсролыг үнэд оруулж эхэлсэн Д.Энхбат уу?. Бүр цаашлаад энэ бүгдийг алсаас ажиглаж, шаардлагатай буюу хамгийн тохиромжтой үед нь хурандаад хариу цохилт өгөхөөр бэлтгэж, базааж буй Ерөнхийлөгч Х.Баттулга уу? Эцсийн дүндээ монголчууд нийгмээрээ, нийтээрээ хожиж байвал өөрөө зол юм.

2 сэтгэгдэл

  1. С

    2021-05-03

    Хүүк тодорхой юм бишүү Алтантуяа дээгүүр давхиж магад

  2. Зочин

    2021-05-04

    Энхбат л гарч ирээсэй.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet