НИЙТЛЭЛЧ

Х.БАТТУЛГЫГ унагаасан жинхэнэ автор нь М.ЭНХБОЛД

Гэрэл зургийг MPA.mn

Цагтаа парламентад 65 суудалтай МАН-ын дарга, парламентын спикерийн албыг хавсран гүйцэтгэж, хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын хэмжээнд нэгдүгээр хүний эрэмбэтэй явсан нь М.Энхболдын үнэн. Гэвч “60 тэрбум”-ын хэргийн гол автороор цоллуулж, намд нь өрдсөн түйвээний уршгаар суудлаасаа бууж, сул гишүүний орон зайд шилжсэн нь ч бас үнэн. “60 тэрбум”-ын гэх бичлэгт “У.Хүрэлсүхийн хөл, гарыг тасдана” гэсэн яриа бичигдсэн шиг М.Энхболд эрх мэдлээ эргээд У.Хүрэлсүхдээ өөрөө тасдуулсан юм. Эмхлэн байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаас эхэлсэн салхи нь шуурга болж НИТХ-ын болон хотын даргыг өөрчилснөөр үргэлжилж, нийслэлийн МАН-ын хороог ч түүнээс салгаж байв. Эцэст нь Төв аймагтаа босоо рейтингтэй М.Энхболдын сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарлаж, Бага хурал дээрээ унагасан нь туйлын үнэн. 2016 онд МАН үнэмлэхүй ялсан гавьяа нь М.Энхболдынх ч, гай нь ч түүнийх болсон юм. Өдгөө М.Энхболд МАН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, хотын дарга асан сэтэртэй, У.Хүрэлсүхийн хүрээллийн сүрд бараг дарагдсан “Хотын фракц” гэсэн малгайн дотроо л үлджээ.

Гэхдээ цаг цагаараа байдаггүй аж. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд унасан өдрийнхөө маргаашнаас эрх мэдэл нь алдуурч, алсуурч, Монголын хамгийн муу хүнээр тодорч, тодруулсан М.Энхболд өнөөгийн МАН-д бодит утгаараа гавьяа байгуулаад улс төрөөс холджээ. Түүнийг УИХ-ын даргаар ажиллаж байхад нэр дэвшүүлж, зүтгүүлж, томилуулж байсан томилгоо нь Төрийн тэргүүний сонгуулийн гурав дараалсан ялагдалдаа цэг тавих, тэгэхдээ Ардын хувьсгалын 100 жилээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд гурвуулаа МАН-ын шошготой байх эсэхийг шийдэхэд чухал үүрэгтэй байсан бололтой. Тэр нь Цэцийн гишүүн Д.Одбаяртай холбогдоно.

Д.Одбаяр….

МАН Засгийн эрхэнд гарсан 2016 оны сүүлчээр парламентаас хийсэн анхаарал татсан томилгооны нэг нь Цэцийн гишүүнийх байв. Тэгэхэд 2005 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажилласан анхны Ерөнхийлөгч П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болохтой зэрэгцэн оруулж ирсэн нэр нь “Дорнод”-ын Д.Одбаяр. Нийт есөн гишүүний гурвыг нь УИХ, гурвыг нь Ерөнхийлөгч, гурвыг нь Улсын Дээд шүүхээс санал болгож, парламентаас томилдог эл албан тушаалд Д.Одбаярыг М.Энхболдын захирамжаар оруулж ирсэн түүхтэй. Д.Одбаяр хуульчийнхаа хувьд улс төрд шинэ хүн биш.

Дорнод аймгаас УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдож, Засгийн газрын гишүүнээр ажилласан намтартай. Тэгэхдээ Ерөнхий сайд М.Энхболдын танхимд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албатай байв. Хэдийгээр М.Энхболдыг Ерөнхий сайд, МАН-ын даргаас буулгахад голлох оролцоотой “Элсний 13” бүлэгт Д.Одбаяр багтаж явсан ч 10 хүрэхгүй жилийн дараа дахин дэмжлэг хүлээсэн нь энэ юм. Ерөнхий сайд байхад Засгийн газарт нь сайдаар очсон Д.Одбаяр, М.Энхболдыг УИХ-ын дарга болсных нь дараа Цэцийн гишүүний визээ даруулсан гэсэн үг. Төд удалгүй буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн Д.Одбаяр Цэцийн дарга болж томорсон нь ч учиртай.

Анхнаас нь дэмжиж, тордсон М.Энхболд парламентын төвшинд бүдгэрэхэд Д.Одбаяр ч Цэцийн даргын суудлаасаа буусан нь 2019 он. М.Энхболд “60 тэрбум”-ын гэх хэргээр, Д.Одбаяр “Корэйн Эйр”-ийн онгоцны үйлчлэгтэй зүй бусаар харьцсан гэсэн үндэслэлээр. Гэхдээ энэ бол хоёрдугаар асуудал. Харин М.Энхболдын үед Д.Одбаярыг яах гэж Цэц рүү явуулсны учиг одоогийн Ерөнхийлөгчийн дахин нэр дэвших боломжийг хааснаар бүрэн тодорч, биеллээ олов. Ингэж бичих ч үндэслэлтэй. Өнгөрсөн оны тавдугаар сараас хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Төрийн тэргүүнээр ажиллаж байсан болон албатай яваа Х.Баттулгыг нэр дэвших боломжтой маргаан жил гаруйн хугацаанд маргаан дагуулсан. Улмаар УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хуульчид Цэцэд маргаан үүсгэснийг өнгөрсөн долоо хоногт Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцээд одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нарыг нэр дэвших боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргав.

Нэн шинэ Ерөнхийлөгч

Цэцийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцээд хүлээж авснаар нэн шинэ Ерөнхийлөгчтэй болох зам шулуудчихлаа. Хуралдааныг Д.Одбаяр даргалсан нь эсэргүүцэл, хардлагатай тулгарсан ч Дунд суудлын бүрэлдэхүүн бүхэлдээ Үндсэн хуулийг жанжин шугамаа болгосон нь мэдээж. Тэгэх гэж л тэд тэнд суудаг, манаачийн үүрэг гүйцэтгэдэг. Галт тэрэг нэгэнт хөдөлсөн болохоор парламент холбогдох хуульдаа өөрчлөлт оруулж, намууд “Анх удаагаа” гэсэн босго, шалгуурын хүрээнд нэр дэвшигчдээ тодруулна. Аль ч нийгэмд хууль дүрэм нэгдүгээрт явдаг, юу гэж заана, түүнийгээ л дагадаг.

Гагцхүү уг шийдвэрийн хүрээнд хамгийн их “хохирч” үлдэж байгаа нь Ерөнхийлөгч Х.Баттулга. Уг нь Д.Сугар тэргүүтэй Цэцийн дөрвөн гишүүний суудал эзгүйрч, орных нь хүнийг томилох шаардлага үүсэхэд өөрт олгосон бүрэн эрхийн хүрээнд Г.Туулхүү, Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж нарын АН-ын гишүүдийг нэр дэвшүүлж, томилуулсан хүн нь Х.Баттулга өөрөө. Үүнийгээ “Үндсэн хууль арай өөр шаардлага тавиад байна. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдэг нь ядаж л намын гишүүн, өндөр албан тушаал хайж байсан хүн гэж ойлгож байна. Улстөрчдийг томилж болохгүй гэж ойлгож болохгүй. Хуулиа л барихаас биш хүмүүсийн ойлголтод тааруулсан хүнийг нэр дэвшүүлэх шаардлагагүй гэж үзсэн” хэмээн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь зөвтгөж байсан удаатай.

Гэвч төлөөний гурван ч хүнээ Цэцэд “шургуулсан” Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших сонирхол Үндсэн хуулийн өмнө очоод бүдэрлээ. Томилгооны хувьд өнөө маргаашаа биш өнөөдрийн үйл явдал үүсч болзошгүйг урьдчилан тооцоолж харснаараа Х.Баттулга биш М.Энхболд хожсон гэсэн үг. Х.Баттулгыг унагаасан жинхэнэ автор нь Д.Одбаярыг томилсон М.Энхболд гэж тодотгосны учиг ердөө л энэ. Дан ганц сонгуулийн өрсөлдөгчөөр харах бус бүрэн эрхээ хэрэгжүүлсэн өдрөөсөө хавчиж, хясаж, буланд шахсаар, тойргийн гадна гаргаснаараа Х.Баттулга ялсан байж болох ч ганц Д.Одбаярыг дэвшүүлэн томилсноороо энэ удаад гарцаагүй М.Энхболд ялжээ.

1 сэтгэгдэл

  1. G

    2021-04-23

    Enhbold bol Jencogiin hajuud too ilvv tulhta turshlagatai ulsturch

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet