НИЙТЛЭЛЧ

Ерөөсөө л Л.Оюун-Эрдэнийг ОГЦРУУЛЪЯ

Гэрэл зургийг MPA.mn

Л.Оюун-Эрдэнэ бол шинэ цагийн Ерөнхий сайд нараас хамгийн азтай бас адтай нь. Фракцын эрх ашиг, албан тушаалын хуваарилалтаар Н.Алтанхуягийн орыг залгасан Ч.Сайханбилэг шиг хүлээс түүнд байхгүй. Парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай, УИХ-ын болон намын дарга гэсэн том ар талтай мөртлөө хэзээ мөдгүй огцорч мэдэх “хэврэгхэн” Засгийн газрын тэргүүний албатай явсан Ж.Эрдэнэбат шиг болгоомжлол одоохондоо үгүй. “Шүд сугалах” буюу Засгийн газрынх нь аль нэг сайдыг онилж огцруулдаг, болохгүй бол танхимаар нь савлуулдаг, санасандаа хүрдэг Монголын улс төрд төгөлдөржсөн танил технологи үйлчлэх боломжгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын гишүүнийг огцруулж, томилж, чөлөөлөх бүрэн эрх зөвхөн Ерөнхий сайдад хадгалагдана. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг суудлаасаа буухаас өмнөх үеийн үйл явц, засаглалын реформ Ерөнхийлөгч, парламентаас хараат байж ирсэн зарим томилгооны шат дамжлагыг чиглэж, хуулийн заалтаар зааглан Ерөнхий сайдад хамаарах эрх мэдлийг илүү нэмснээрээ онцлог, давуу талтай.

АДТАЙ…

Төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг өргөн мэдүүлснийг парламент хүлээж аваагүй тохиолдлоос бусдаар Ерөнхий сайдыг огцруулах боломж хомс. Танхимын сайд нарын тал хувь У.Хүрэлсүхийн үед хамт ажиллаж байсан учраас Хэрэг эрхлэх газрын дарга явсан түүнд ойлголцын зөрүү, ам хэлээ ололцохын зовлон гарахгүй. Засгийн газрын “гал тогоо”-г зангидаж байхдаа санаачилж, парламентад оруулж, батлуулсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого” хэмээх бэлээхэн зураглалыг хэрэгжүүлэхэд нэгдүгээр гарын үсэг зурах эрх мэдэл нь нэгэнт түүнд иржээ. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ азтай.

Адтай гэдгийн тухайд хэрэгтэй үедээ хаана зогсохоо хамгийн сайн мэддэг улстөрч бол тэр. Эрх мэдлийн төвлөрөл, албан тушаалын зангарагаараа М.Энхболд шиг нөлөөтэй хүн МАН-д, Монголд “төрөхөд” хажууд нь хэн шадарлаж байв, Л.Оюун-Эрдэнэ байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихэд пи-арыг нь хүртэл хариуцаж явсан тэрбээр нэг л өдөр УИХ-ын даргын суудлаасаа сайн дураараа бууж, бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Цаг хугацааны эргүүлэг бүхэлдээ ялагдсан М.Энхболдын эсрэг чиглэхэд тэр хэдийнэ нутгийн ах У.Хүрэлсүхтэйгээ нэг завинд суучихсан байв. Нэр бүхий дөрвөн гишүүнтэй нэгдэж, Төрийн ордонд мэдэгдэл хийж, Төв талбайд жагсаж ч үзэв.

Эцэстээ М.Энхболд огцорч, Г.Занданшатар парламентын спикер болоход Л.Оюун-Эрдэнэ Хэрэг эрхлэх газрын дарга болж дэвшсэн юм. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон үеэс сайд болохгүй, парламентаас хяналт тавьж ажиллахаа илэрхийлж байсан түүний хувьд ингэж “давхар дээл” нөмрөөд зогсохгүй, дахин улирч, бүр гүйцэтгэх засаглалын тэргүүний тамга атгажээ. Улс төрд мөнхийн эрх ашиг л байдаг шиг “ах нар”-ынхаа зодооны үеэр хэрэгтэй талд, ашигтай байрлалд зогсож байснаараа Л.Оюун-Эрдэнэ хожсон. Үүгээрээ тэр адтай.

АЙДАСТАЙ…

Л.Оюун-Эрдэнэ бол хамгийн азгүй бас айдастай Ерөнхий сайд. Бүтэн жилийн хугацаанд “Ковид-19”-ийн цар тахалтай тэмцэж, эдийн засаг нь агшиж, иргэдийн амьжаргаа нь доошилж, аж ахуйн нэгжүүд нь түрүүчээсээ тэг зогсолт хийсэн амаргүй хүнд цаг үед тамга атгаснаараа азгүй. Өөрийг нь Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхад танхимаас нь хийж, хэрэгжүүлсэн тэмцэл бүр нь дан ганц тоон үзүүлэлтэд ач холбогдол өгснөөс биш бодит эрсдэлтэйгээ нүүр тулахад авах шаардлагатай арга хэмжээг урьдаас төлөвлөж, тооцоолоогүйг биеэрээ, Ерөнхий сайдын хувиар мэдэрч байна. Салбар яамныхан нь сөрөг гэсэн хариунд баярлан, хөөрч, сайдыг нь “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулж асан нь сонгууль угтсан хий хоосон хийрхэл төдий үндсэндээ Монгол Улс “Ковид-19”-ийн өмнө менежментийн цогц бэлтгэлгүй байсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч, сөхрөв.

Хуулиараа, хариуцсан салбар, харьяаллаараа цар тахалтай тэмцэх ажлыг Шадар болон Эрүүл мэндийн сайд гардан хэрэгжүүлэх үүрэгтэй ч шууд утгаараа Хэрэг эрхлэх газрын даргад биш Ерөнхий сайдын толгой дээр ачааны хүнд, асуудлын учиг болж буудгийг одоо л мэдэрч яваа. МАН-ын биш Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нь Л.Оюун-Эрдэнэ болохоор. Доод шатны байгууллага нь тусгаарлах үйл явцдаа гаргасан алдаанаас үүдсэн нийгмийн уур амьсгалын бухимдлыг зөөллөж, өөрөөрөө “туг тахиад” одсон У.Хүрэлсүх ёс зүй, сургамж талаасаа нэн шинэ, өндөр босготой жишгийг улс төрд үлдээгээд явсан нь ч шалтгаантай. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний танхим, тэдгээрийн харьяа байгууллагууд цар тахлыг хумьж, маскаа тайлтлаа ёс зүйн, ажил мэргэжлийн алдаа гаргах ямар ч эрхгүй.

Нэгэнт тогтоосон жишгийг яаж ч үгүйсгэж, хусах боломжгүй, харин үргэлжлүүлдэг нь жам ёсны шаардлага, ялангуяа улс төрд. Албан тушаалд амархан хүрч, дэвшсэн шигээ буцаад унах нь ч хурдан байж мэдэх үүрэг, хариуцлагыг давхар үүрчихсэн яваа хэрэг. Үе үехэн УОК-ын дарга, Шадар сайдыг нь тойрсон таагүй мэдээллүүд хөвөрч, тэр хэрээрээ хариуцлага тооцох асуудлыг хөндөж эхэлсэн нь тамга атгаснаас хойш 100 дахь хоногоо гэтлэх гэж буй түүний хувьд хасах оноо. Өдөртөө 1000 давж эхэлсэн халдварын тархалтыг хэзээ “цурманд” оруулах талаарх бодит төлөвлөгөө байхгүй нь ч Засгийн газартаа итгэл төрүүлэх иргэдийн үнэлэмжийг унагаах шалтгаан болж буй. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ азгүй.

Ч.Сайханбилэгийн адил фракцуудынхаа “халаас”-наас гарч чадахгүй явсаар парламентынхаа барьцаанд орж, хүчгүйдэхийн зовлон өнөөдөр бий болохгүй ч, маргааш Ж.Эрдэнэбатын зурсан жимээр алхаад Төрийн ордонд зургаа өлгүүлэх хэмжээний Ерөнхий сайдаар үлдэх үү? гэдэг айдас түүнд бий. Айдас төрүүлэх шалтгаан нь айсуу Ерөнхийлөгчийн сонгууль, нийгмийн сэтгэхүйг удирдан “залж” эхэлсэн “Ковид-19”-ийн цар тахал. У.Хүрэлсүхийг эс тооцвол сонгуулийн ялагдлаас үүдэж ажлаа өгсөн, албан тушаалаасаа огцорсон Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбатын хувь заяа Л.Оюун-Эрдэнийг дайрахгүй тойрно гэсэн баталгаа үгүй. Аль аль нь сонгуультай жилийн өмнөхөн Засгийн газраа тэргүүлсэн, эдийн засгийн хямралтай нүүр тулж, эцэстээ ард түмэнд дүнгээ тавиулсан, унасан. Ялгаатай нь, өнөөдрийнх шиг дэлхий нийтийн хамарсан цар тахал тэр үед байсангүй. Сонгуулийн жилд Засгийн газар нь эрх баригч намын сурталчилгааны штаб болдог уламжлал нь өөрөө гэм биш зан.

Гол нь сонгуулиа бодох уу? ард түмнээ бодох уу? эсвэл хоёуланг уу гэсэн хүндхэн сонголттой хүссэн ч, эс хүссэн ч Л.Оюун-Эрдэнэ нүүр туллаа. Алийг нь ч сонгосон эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх алтан дунджийг баримтлах шахалтыг нам нь, ард түмэн ч зэрэг тулгах учраас тэр бодит эрсдэлтэйгээ эвлэрэхээс өөр гарцгүй. Гэхдээ ЯАЖ…? Ганц үнэн гэвэл халдварын тархалтыг хяналтаас алдахаас урьтаж, цаг алдалгүй ойрын хугацаанд нийт иргэдээ вакцинжуулах арга зам л байна. Байдгаа шавхаад, улсын сан хөмрөгийг улайсгаад ч болтугай нийтээр нь вакцинжуулах тийм л шийдэл.

Бусдаар хатуу хөл хориод, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоолоо гээд эдийн засаг нь хямарч, иргэдийн амьжиргаа нь дордсоноос өөрөөр үр дүнд гарсангүй бас хүрсэнгүй. Дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд 637,415 хүнд вакцины эхний тунд хамруулжээ. Нийслэлд  496,880, орон нутаг 140,535. Статистикаараа нийт амын 30 хүрэхгүй хувь. Дөрөвдүгээр сард багтаж 1.1 сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн гэхэд чамлахаар үзүүлэлт.

Хамгийн гол нь, энэ Засгийн үед монголчууд нийтээрээ, нийгмээрээ цар тахлыг эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирол багатай даван туулж, бүгдээрээ маскаа тайлж хожих ёстой. Албан тушаалын ард явдаг биш Монгол Улс бүхэлдээ айдсаа таягдан хаях учиртай. Тэгэхийн тулд зөв менежментийг оновчтой хэрэгжүүлэх хийх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлдэг Засгийн газрынх нь зүй ёсны үүрэг. Тэгж чадвал бодит утгаараа тэр “Ард түмний хайртай хүү”-ийн хувиар түүхэнд үлдэнэ, Төрийн ордонд зургаа өлгүүлнэ. Тэр болтол иргэд нь ч үүрэг, хариуцлагаа ухамсарлаад Засгийн газрынхаа ажилд хувь нэмрээ оруулж, дэм болохоос өөр сонголт үлдсэнгүй. Чадахгүй бол ерөөсөө л Л.Оюун-Эрдэнийг огцруулъя.

Шинэ залуу Ерөнхий сайдын хувьд боломж карьер нь энэ хүрээд зогсох хайран ч чаддагт ажлыг нь өгөөд боломжийг нь олгоё! Ардын хувьсгалын 100 жилийнхээ ойгоор сур, морь, бөхөө үзэж, омогшиж, бахархах хүсэл хүн бүрийн толгойд яваа нь мэдээж. Ерөнхий сайдын хувиар нийт монголчууддаа баяр, наадмын мэндчилгээ дэвшүүлэх хүсэл Л.Оюун-Эрдэнэд бий. “Маскгүй зун”-ыг хэн амлалаа, Ерөнхий сайд л амласан. Юу үнэн гэвэл энэ үнэн.

9 сэтгэгдэл

  1. #No_To_MAN

    2021-04-22

    #No_To_MAN. Oyun-Erdene bol bolovsrol, medleggui, hii hooson hiirhegch popchin baagii. Iim teneguud ulsiig ongon deeree got zuil yarij unen heregtee muhardald oruuldag. Yeronhiilogchiin songuliar #No_To_MAN uriataagaar dahij MANiig turd oirtuulahgui l baiya. Uchir ni ene nam chadvartai, medlegtei bolovson huchnee doosh darj dandaa uvaigui hiirhegch naraa l deesh ni gargadag. #No_To_MAN

  2. Irgen

    2021-04-22

    Oyunerdene uls udirdah ugaan hyrehgyi hooson ylger yaridag hyn baina.iim udirdagchiig bushuuhan zailuulahgyi bol uls oron hugjih ne byy hel syirel ryygee oroh ne .oyunerdene uuruu ogcraoh heregrei.

    • Тунгаамаа

      2021-04-22

      Манайхан юм л бол огцор гээд орилолдох юм.Юманд учир суманд…бий жаахан алсын хараатай хандмаар бн.Цар тахал дэлхий нийтийг хамарсан байгаа ганцхан манайх хэцүү байгаан биш шүү дээ.Хамтаараа эв нэгдэлтэй даван туулмаар бн.Сонгуультай жил учраас хүссэн хүсээгүй яригдаж байгаа нь үнэн.Гэхдээ эмзэг байгаа эдийн засгаа сөхрүүлчихгүй юмсан.

  3. Энхтуул

    2021-04-22

    Асуудал ерөнхий сайдад төрийн дээр гарсан намдаа байна

    • Р

      2021-04-22

      Дээрээс нь Женок хажуугаас Хүүк хатгаад ацан шалаанд орсон бхө

    • Иргэн

      2021-04-25

      Ёстой үнэн.Тэр НАМ л мэдлэгтэй чадвартай хүмүүсийг юм хийлгэхгүй сайхан юм ярьдаг авилгаар хөрөнгөжсөн боловсрол мэдлэггүй луйварчдыг өөгшүүлээд байнааа

  4. Иргэн

    2021-04-22

    Залуу хүн учир зүйг нь олчих бхаа.Сүг нүүд л ажлыг нь санасанаар нь хийлгэхгүй саад болоод бна гэж хараад бна.Өөрийнхөөр нь ажлыг нь хийгэмээр бна.Амаргүй хэцүү цаг үе ч таарлаа.

  5. Наранцэцэг

    2021-04-23

    Өөрт нь эрх мэдэл бүрэн бий.

  6. Иргэн

    2021-04-25

    Харин ч Оюунэрдэнэ юм хийж байгаа.Төрийн албыг жинхэнэ цэгцэлж байгаа вм байна лээ.Хэзээ л төрийн албан хаагчид дарга цэрэггүй зам дээр зогсдог байлаа.Ард түмэнд үйлчлэх ёстойг нь ухааруулсан.Худлаа ярьж попордог Хүүк мэтийн хүмүүс бол одоо зайлах цаг нь болсон.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet