НИЙТЛЭЛЧ

МОНГОЛ байна уу…?!

Гэрэл зургийг MPA.mn

НЭГДЭЛ.

Цаг хугацаа гэдэг өөрөө үнэний хэмжүүр, түүхийн бодит гэрч болдог шиг монголчууд ГУРВАН САЯУЛАА болохдоо хамгийн их баярлаж, бас нэгджээ. Одоогоос зургаан жилийн өмнө. 2015 оны нэгдүгээр сарын 24-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Нэгдсэн эмнэлэгт мэндэлсэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын охин гурван сая дахь иргэнээр бүртгэгдсэн тухай албан ёсны мэдээ орон даяар түгсэн даруйд “Олуулаа” болчихсон юм шиг мэдрэмж цөөхөн монголчуудын цээжинд омогшиж, бахархахтай нь зэрэгцэж байв.

Гурван сая дахь иргэний гэр бүлийнхэнтэй Төрийн тэргүүн нь утсаар ярьж баяр хүргэн эцэг, эхийнх нь хүсэлтээр МОНГОЛЖИН нэрийг хайрласан нь одоо ч олон нийтийн ой тоонд хадаатай явдаг байх. Араас нь Ерөнхий сайд өмнийн говийг зорьж, гурван сая дахь иргэндээ хүндэтгэл үзүүлж байлаа. 1990 оны Ардчилсан хувьсгал, 2008 онд анхны олимпийн аваргатай болоход сэргэсэн эв нэгдлийн баталгаа тухайн үед Монголжин охиноор үргэлжилсэн нь тэр.

ХАМТРАЛ.

Монгол Улс 1990 оноос Байнгын ажиллагаатай парламентын тогтолцоонд шилжсэнээс хойш 30 жилийн хугацаанд таван Ерөнхийлөгч, найман парламент, 15 Ерөнхий сайд ажиллажээ. Л.Оюун-Эрдэнийг нэмж тооцвол 16. Танхимын бүрэлдэхүүнийг оруулбал 300 сайд төрүүлсэн байх юм. Тоон үзүүлэлтээрээ Монгол Улсыг хэдийнэ Азийн бар болгох хэмжээний статистик. Гэвч үе үе Ерөнхийлөгч, парламент, Ерөнхий сайд хоорондын хамтрал, ойлголцол бус хувь улстөрчийн зөрчлийг нэгдүгээрт тавьж ирсэн нь засаглалын цаашлаад Монголын хямрал болчихоод байв. Харин Ерөнхийлөгч даргалж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бүрддэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шинэ ХАМТРАЛ бий болсон нь 2017 он.

Учир нь, Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх тэргүүтэй ҮАБЗ өнгөрсөн хугацаанд 41 удаа хуралдаж, 54 зөвлөмж гаргажээ. 2009-2017 он буюу найман жилийн хугацаанд 25 удаа хуралдсанаас хоёр дахин өссөн үзүүлэлт. Улс төрийн уур амьсгалын хувьд харьцангуй тайван, нэг цонхны бодлоготой байснаар Үндсэн хуулиа баталснаас 27 жилийн дараа томоохон нэмэлт, өөрчлөлт оруулж, бидний хүсээд байдаг сонгодог парламентын тогтолцоо руу шилжихэд нэг алхам урагшилсан юм.

ӨШИРХӨЛ.

Улс төрд мөнхийн дайсан гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж байдаг нь үнэн. 2017 оноос Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэсэн малгайнд нэгдэж, нягтарч, хамтарч явсан Х.Баттулга, Г.Занданшатар, У.Хүрэлсүх гурвын зам 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр шаазан аяга шиг хагарав. Ерөнхийлөгч ганцаараа үлдэж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр нь нэг талдаа гарав. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн шүүх байгууллагын шинэтгэлээс эхэлсэн гэх уг хагарлын үр дүнд У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаа хүлээлгэж өгчихөөд намын даргын ажлаа чухалчлав.

Чуулганы хуралдаанд яаран орж ирж, эгдүүцлээ ил тод илэрхийлсэн Х.Баттулга эцэстээ У.Хүрэлсүхийг огцруулахыг дэмжихгүйгээ илэрхийлсэн ч Г.Занданшатарын ангийнхан Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээж аваагүй. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай чуулганы хуралдааны уур амьсгал Ерөнхийлөгч гэсэн цор ганц хүнийг буруутгах тийш хандсаар өндөрлөсний дараа Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр гар зөрүүлжээ. Х.Баттулга У.Хүрэлсүхийн шилбэ рүү өшиглөж, эргээд нүдэн тус газраа цохиулснаар асуудал намжсан гэх. Дэргэд нь байсан хүмүүс салгаагүй бол тухайн үеийн уур амьсгал хаашаа эргэх байсныг хэлж мэдэхгүй. Ямар ч их улс төр дэх эвдэрлийн хаалга ийн нээгдэж, Х.Баттулга, У.Хүрэлсүх гэсэн хувь хүн хоорондын ӨШИРХӨЛ ингэж эхэлжээ.

ӨРДӨЛТ.

Түүхэндээ хамгийн их хуралдаж, ҮАБЗ-ийн хэмжээнд рекорд тогтоосон Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хамтрал өширхөлөөр эхэлж, зуултаар үргэлжилж байна. Х.Баттулгын даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг томилж, чөлөөлөх хуулийн хайч хэрэгжиж байх үед гурван Ерөнхий сайдыг цагдан хорьж, шүүхээс ял ногдуулсны нэг нь Ж.Эрдэнэбат. УИХ-ын гишүүний бүрэн эрх нь дуусгавар болоогүйгээс гадна Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчээр нь батламжилсан байхад шүүгчийн захирамжаар цагдан хорьж, бүр ял ногдуулсан нь 2020 оны гол дуулианы нэг байв.

Харин холбогдох хуулийн шинэтгэлийн хүрээнд ҮАБЗ тэр дундаа Ерөнхийлөгчийн шүүх байгууллага дахь эрх мэдлийг хумьж, гарыг нь мухарлаад удаагүй байхад Ж.Эрдэнэбатыг батлан даалтад гаргаж, нээлтээ хийгээд удаагүй хаврын ээлжит чуулганаар тангараг өргүүлснээр Х.Баттулгыг улам хүчгүйдүүлж эхэлсэн юм. Уг нь, Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх хуралдааны үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга орж ирж, өөрийн саналыг илэрхийлсэн ч УИХ-ын дарга холбогдох хуулийн заалтыг уншиж танилцуулснаар парламентын бүрэлдэхүүн нэгээр нэмэгдэж 75-уулаа болсон юм. Энэ удаад Г.Занданшатар Х.Баттулгаас мөн зайгаа барьснаа ийнхүү уламжилснаар У.Хүрэлсүх хооронд үүссэн өширхөлийг улам өрджээ.

ЗУУЛТ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх хамтрал, дотносол нь үүрдийнх биш түр зуурынх байсныг мэдэрч эхэлсэн Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрд сая төгрөг олгуулах саналыг Засгийн газарт хүргүүлж, торгоохоос бусдаар “ажил”-гүй явахад нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн бага хурал хийж, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох болсноо мэдэгдсэн нь урьдчилан тооцоолоогүй цохилт болов. Оффшороос оруулж ирсэн гэх эзэн биегүй, баримтгүй тоон дээр Төрийн тэргүүн нь тоглолт хийх зуур Ерөнхий сайд нь Оюу Толгойгоос төлсөн татварыг нийт иргэддээ өгөхөөр болсноо зарласан нь жин дарна, бодитой сонсогдох нь мэдээж. У.Хүрэлсүхэд мад тавиулж, Г.Занданшатараар ам руугаа “алгадуулсан” Х.Баттулгаас Л.Оюун-Эрдэнэд хүртэл өрсөж мэдэгдэл хийнэ гэж төсөөлөөгүй явсан байж болох.

Дайны хажуугаар дажин, далай байсан цагт шуурга байдаг гэгчээр саяхныг хүртэл бодит утгаараа Монголын Нэгдүгээр хүн явсан Х.Баттулгыг чингэлсэн ээлж дараалсан улс төрийн цохилтын шарх нь илааршаагүй байхад Цэцийн шийдвэрээр түүнийг дахин нэр дэвших эрхгүй гэсэн дүгнэлт гаргаснаар үлдсэн ганц найдварыг үгүй хийх нь тэр. ҮАБЗ-ийг даргалдаг болсноосоо хойш хамгийн их хуралдуулсан рекордыг эзэмшиж, тэр хэрээрээ түнжинтэй явсан цаг үе нь бэлгэдэл төдий болж, УИХ, Засгийн газартаа шахуулж эхэлсэн Х.Баттулгаас “Эцэг хууль”-ийн манаачид нь хүртэл нүүр буруулжээ. Үндсэн хууль дээр гараа тавиад тангараг өргөж байх тэр үеийн алга ташилт 380 хэм эргэж, өнөөдрийн бүх үйл явц, шийдвэр бүр түүний эсрэг болж эхэлсэн нь Х.Баттулга шиг том амбийцтай улстөрчид хүнд цохилт. Өширхөж, зуух том шалтгаан.

Арга ядахдаа МАН-ыг татан буулгах зарлиг гаргаж Дээд шүүхэд хүргүүлснээ мэдэгдсэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх том улс төрийг эхлүүлэв. Өдөр нь гаргасан Ерөнхийлөгчийн эл үйлдэлд орой нь эрх баригч МАН-ын зүгээс хариу мэдэгдэл гаргасан ч эцсийн шийдвэрийг Дээд шүүхээр хэлэлцэж, асуудлыг мухарлана. Энэ хооронд зарим нь Ерөнхийлөгчийг тангарагаасаа няцсан эсэхийг парламентаар оруулахыг шаардаж байгаа бол өөр хэсэг нь сонгуулийг хойшлуулах тухай ч ярьж эхэллээ. Гагцхүү 2020 оны сонгуулиар бүрдсэн УИХ-ын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, Анхдугаар чуулганыг зарлан хуралдуулсан хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга мөн үү гэвэл мөн.

ӨВДӨЛТ.

Монголчууд өвдөж байна. Эдийн засаг, эрүүл мэнд, нийгэм, улс төр нь бүхэлдээ өвдөж байна. Зөвхөн тусгаарлалтаас илэрдэг “Ковид-19”-ийн халдвар 1000, 1000-аар дотоодод бүртгэгдэж, өдөр бүр хүний амь авч одох нь энгийн үзэгдэл болов. Хатуу хөл хорио тогтоосон ч хэрхэх учраа олохгүй яваа Засгийн газар нь хэдэн эмнэлэг, тэнд ажиллагсадтайгаа дайн зарлахаас бусдаар дорвитой шийдэл олсонгүй, суурин дээрээ хий эргэхээс бодлого нь цэгцэрсэнгүй. Салбарын яамнаас “Маскаа зүү, Гараа угаа, Зайгаа барь” гэсэн бүтэн жилийн турш давтсан улиг болсон уриалгаа давтахаас хэтрэхгүй хэмжээнд хүртлээ эрүүл мэндийн үйл ажиллагаа нь “жижигрэв”.

Сардаа, 14, магадгүй долоо хоногт нэг гардаг байсан сенсааци өдөр болгон гарч, түүнийг тойрсон хэлэлцүүлэг цахим орчинд хууль юм шиг явдаг боллоо. Өчигдөр, өнөөдрийн сенсаацийг “дэнсэлж” дуусаагүй байхад маргааш нь дахиад өөр нэг асуудал үүсэх нь байх ёстой юм шиг хэмжээнд очив. Санаатай гаргаж тавиад байна уу?, санамсаргүй тохиолдол уу? эсвэл тогтолцоо нь өөрөө ингэтлээ дордов уу? гэдгийг хэлж мэдэхгүй. 

Хөвгүүд нь цэрэгт яваад эрүүл саруул эргэж ирэх нь зол болов. Дархан хилээ хамгаалж явсан байлдагчид нь харуулын ахлагч руугаа гал нээж, амийг нь хөнөөгөөд ууланд бүгсэнийг аав, ээж нь аргадаж буулгаад, торны цаана “илгээв”. УИХ-ын гишүүн эрхэм согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хурд хэтрүүлснээс болж осол гаргав. Азаар хүний амь эрсэдсэнгүй, өөрөө ч хөнгөн шархтай үлдэв. Ерөөс монголчууд эдийн засаг, эрүүл мэнд, сэтгэл санааны гүн хямралд орж, эргэж сэргэхээргүй бүрмөсөн өвдөхөд бэлэн болжээ. Далайн шуурга болоход залуур дээр хөлгийн ахмад л суудаг. Хүн өвдөхөд эцэстээ эмчийг л дууддаг. Харин Монголд дарга нар нь дөвчигнөж, эрх ашгийнхаа төлөө томчууд нь өөр хоорондоо хэмлэлдэж байна. Үндсэндээ иргэд нь Ардчилсан нийгмийн байх эрхээ өдөр бүр хумиулж, бас хасуулж байна.

Иргэдийнхээ эрх ашгаас давж төрийн дээр гарсан энэхүү зодооны уршиг эцэстээ “өвдсөн” ард түмнээ талцуулж, хагаралдуулах, түүн дээр нь таанц эргэх шалтгаан болж байна. Энэ зуур Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хоёрт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг нэхэн сануулъя. Эцсийн дүндээ зодоон нь ХЯДААН болохгүй байхыг л хүснэм. Ингэхэд Монгол байна уу…?!

3 сэтгэгдэл

  1. 999999

    2021-04-20

    Тиймэээ ард түмэн сэтгэлээрээ туйлдаж, биеэрээ зовж бн. Солиотой улс төр

  2. Arum

    2021-04-20

    Zugeer zalhaj bn. Ene ulsaas yvhiimsan gj bodoh

  3. #No_To_MAN

    2021-04-20

    #No_To_MAN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet