ЕРӨНХИЙЛӨГЧ

Х.Баттулга “бэлгэдэл”-ийн хэмжээнд л очлоо

Гэрэл зургийг MPA.mn

“…Хамтын хүч ямагт амжилт авчирдаг…”

Одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга тангараг өргөх ёслолын индрээс яг ингэж хэлж байв. Тэр өдрөөсөө ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч гэх итгэлийг төрүүлж эхэлсэн түүний хувьд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт гарсан ой хээрийн түймрийн бүсэд газар дээр нь очиж, ажилласан нь нэмэх оноо болон бууж байлаа. “Ерөнхий сайдтай утсаар ярьсан даруйдаа түймрийн голомтоос ажлаа эхэллээ”, “Төрийн тэргүүний ажил саарал ордноос биш түймэртэй бүс нутгаас эхэлж байна” хэмээх эерэг мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа хөвөрч, оргил цагаар телевизийн хойморт заларснаар Х.Баттулгын өмнүүр гишгэх мэдрэмжтэй, хөрсөн дээрээ бууж ажилласан төрийн өндөр албан тушаалтан тухайн үедээ Монголоос лав “тодроогүй”. Ойн түймэртэй бүсэд ажиллах үед бороо орсон нь эрт үеэс байгалийн зарим үзэгдлийг сайн цагтай холбож ирсэн монголчуудын сэтгэлийн утсыг бүр “хөндөж” орхисон юм.

Сонирхолтой нь, өөрийн намын Ерөнхий сайдыг танхимаар нь огцруулах ажиллагааны тэргүүн фронтод явсан Х.Баттулга Ерөнхийлөгч болсноосоо хоёр хүрэхгүй сарын дараа өрөөлийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш байв. Намынхаа түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуягийг АН-ынхан өөрсдөө огцруулсан шиг бусдаас хамаарахгүйгээр хэмжээлэшгүй эрх мэдэлтэй явсан МАН Ж.Эрдэнэбатыгаа жил хүрэхгүй хугацааны дараа суудлаас нь буулгахад Х.Баттулгын оролцоо байсан нь анхаарал татдаг.

Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршил…

Нэгэн цагт хүний, өөрийн гэлтгүй Засгийн газрыг унагаж, унагаах сэдэл өглөө нь МАХН-ын дарга Н.Энхбаярын өрөөнд зурагдаж, өдөр нь УИХ-ын танхимд гишүүдийн кнопоор албаждаг эрх мэдлийн харьцангуй хуваарилалт, тийм хувь заяа Х.Баттулгад дахин шилжсэн нь тэр. Ердөө хоёрхон сарын өмнө хамтдаа түймрийн голомтод ажилласан У.Хүрэлсүх 30 дахь Ерөнхий сайдаар тодорч, томилогдов. “Хамтын хүч ямагт амжилт авчирдаг” хэмээх индрээс хэлсэн үг тэгж биеллээ олжээ. С.Баяраас хойших Ерөнхий сайдуудаас анх удаа парламентын гаднаас орж ирсэн нь сүүлийн 10 жилийн бас нэгэн шинэ үзүүлэлт гэсэн тайлбараар улс төрийн уур амьсгалыг зөөлрүүлсэн ч Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хоршил тийнхүү эхэлсэн юмдаг.

Тэглээ гээд Х.Баттулга зөвхөн үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар улс төрд мөрөө үлдээхийг хүсээгүй. Дэмжиж, “тордож” Ерөнхий сайдын сэнтийд хүргэсэн У.Хүрэлсүх нь танхимаа бүрдүүлж, түүнийгээ парламентаар батлуулахад ганцхан хүнд хориг тавьсан нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар. Шалтгаан нь түүний сонгуулийн тугаа болгосон “30 гэр бүл”-ийн төлөөлөл гэх үндэслэл ч УИХ хүлээж аваагүй. Дараа нь сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй Сангийн яамнаас УИХ-д өргөн барьсан Төсвийн тодотголд мөн л хориг тавьсан. Үргэлжлүүлээд зөвхөн Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажилласан дөрвөн жилийн хугацаанд зөвхөн түүнийг чиглэсэн найман удаагийн хориг тавьжээ. Бүрэн эрхийнхээ хугацаандаа тавьсан нийт хоригийн 50 хувь нь хувь хүн, түүнд хамаарах хувьсгалын ажлыг чиглэсэн гэсэн үг. Яг л АН эрх барьсан 1996-2000 онд Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэрийг нь дэвшүүлэхэд Ерөнхийлөгч Н.Багабанди долоон удаа буцаасан шиг.

Ч.Хүрэлбаатар гэсэн хувь хүнтэй тэмцээд амжилт олохгүйгээ мэдэрсэн тэрбээр АТГ, прокурорын байгууллагын удирдлагыг байсхийгээд өрөөндөө дуудаж, “30 гэр бүл”-ийг олж илрүүлэх, оффшорыг оруулж ирэх үүрэг өгөх нь хэсэгтээ уламжлал болсон. Заримыг нь ажлаа хүлээнгэн өгөхийг ч шаардсан. Энэ хугацаанд Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө Төрийн тамгыг гардсан, “амин найз” Ц.Элбэгдоржийгоо шалгуулахаар өөрөө прокурорын байгууллагад биечлэн очиж, 179 хуудас баримтыг хүлээлгэн өгч л байлаа.

Гэвч хууль бол хууль. Цагаан дээр хараар юу гэж бичсэнээс гадна түүнд орсон цэг, таслал бүрээр явдаг жамтай. Албан тушаалтныг ажлаас нь чөлөөлөх үндэслэл, асуудалтай нэгнийг шалгах нөхцөл хуулийн заалтынхаа хүрээнд явдаг учраас Ерөнхийлөгч Х.Баттулгын сонирхол тэр болгон хүссэнээр нь болж өгсөнгүй. Арга ядахдаа утааны асуудлыг хөндөж, УИХ-ыг тараах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн нь гурван жилийн өмнөх үйл явдал. Гэхдээ Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн хувиар улс төр хийхэд хамгийн их дарж, хөндөллөсөн бул хар чулуу нь сонгуулийн өрсөлдөгч М.Энхболд байсныг гэрчлэх үйл явдал түүнийг УИХ-ын даргаас буулгаж, Г.Занданшатар орыг нь залгасан өдрөөс парламент дахь байр суурь, орон зай нь улам томорсноор харагддаг. Хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргыг гишүүдийн олонхиор чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьж, батлуулах замаар М.Энхболдыг замаасаа зайлуулсан нь үүний бэлээхэн жишээ.

Араас нь шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр чөлөөлж, томилж, огцруулах төсөл санаачилсныг парламент “ногоон гэрэл”-ээр баталсан. Үр дүнд нь хуулийн хамгаалалттай явсан шүүх, прокурор, АТГ-ын удирдлагын томилгоо Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүнийг даргалдаг Х.Баттулгын ашиг сонирхолд нийцүүлдэг болсон нь нууц биш олон нийтийн өмнө ил явсан асуудал. Үндсэндээ Х.Баттулга зорьсондоо хүрсэн. Хуулийн байгууллагаар шалгуулах болтлоо үгүйсгэж, хорсож ирсэн Ц.Элбэгдоржоосоо ч илүү эрх мэдлийг атгасан. Ерөнхий сайд асан Санжийн Баярын хэлдгээр “Хорвоо Баттулгад өгөөмөр хандсан. Ховор олдох хувь заяа түүнд хайрласан. Тамирчин яваад дэлхийн аварга. Бизнес хийгээд тэрбумтан. Улс төрд ороод Ерөнхийлөгч болсон” гэж үнэн.

Гэрэл зургийг MPA.mn

Гэвч цаг цагаараа байдаггүй нь туйлын үнэн ажээ. “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхарт шүүгч хүн ирж, хэнд хэдэн жилийн ял өгөх вэ? гэдэг даалгавар авдаг байсан шүү. Энэ байдлыг халах гэж бид Ерөнхийлөгчийн шахалтаас эсрэг явж, иргэдийнхээ хараат бус, шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг улам бататгаж өгсөн” хэмээн Хуулийн сайд Х.Нямбаатарын хэлсэн шиг өөрөөсөө бусдыг үгүйсгэж, өширхсөн нэгнийгээ шорон руу илгээдэг болтлоо “томорсон” Х.Баттулгын эрх мэдэл өдрөөс өдөрт хумигдаж, орон зай нь бүдгэрч эхэллээ. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд шүүхийн хаалга татаж, “…Монгол Улсын нэрийн өмнөөс…” уншуулсан нэр бүхий улстөрчдийг хэлмэгдүүлсэн тухай яриа өмнөхөөсөө илүү анхаарлын төвд орж эхэлсэн нь ч ямар нэг зүйлийн дохио.

Үндсэндээ Ерөнхийлөгч Х.Баттулга сая төгрөг олгох саналыг Засгийн газарт хүргүүлэхээс бусдаар “бэлгэдэл”-ийн хэмжээнд харагдах болов. Саяхныг хүртэл сайн ах, дүүгийн харилцаатай явсан гэгддэг У.Хүрэлсүх нь “Ерөнхийлөгч Х.Баттулга АН-ыг, Ардын Засгийг самарлаа. Цаашид Монголын самрах юм байна” гэж мэдэгчихээд өөрийн хүсэлтээр Ерөнхий сайдын суудлаа өгснөөс хойш өнөөдрийг хүртэл чимээгүй яваа нь үүний илрэл. Өөрийнх нь оролцоотой огцруулж явсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг УИХ-ын гишүүний тангараг өргөх асуудлыг хойшлуулах саналыг УИХ-ын даргад тавихад холбогдох хуулийн заалтыг уншиж танилцуулаад Ерөнхийлөгчийн амыг тагласнаараа Г.Занданшатар ч Х.Баттулгаас хэдийнэ зайгаа барьсныг харуулснаас өөрцгүй.

Гагцхүү дөрвөн жилийн өмнөх “Монгол Ялна” хэмээх уриан дор нийт монголчуудыг нэгтгэж, тав дахь Төрийн тэргүүнээр сонгогдсон Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаанд байгалийн баялагт эзэн суусан “30 гэр бүл”-ийг олж тогсоонгүй, оффшорт нуусан гэх 17 тэрбум ам.долларыг Монгол руу татаж улсын сан хөмрөгийг тэтгэсэнгүй. Эсрэгээрээ өөрт нь итгэл үзүүлэх эсэх асуудлыг парламентын төвшинд хөндөж эхэлсэн нь түүнийг улам л буланд шахах шалтгаан болж байх шиг. Хууль, шүүхийн байгууллага дахь эрх мэдлээ хумиулсан тэрбээр эцсийн нүүдлээ Цэц дээр хийх замаар Үндсэн хуулийн хамгаалалт “горилох” болсон нь бас нэгэн факт.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet