НИЙТЛЭЛЧ

Даашинзтай Ерөнхийлөгчийн ЭРЭЛД…

Гэрэл зургийг MPA.mn

I

Тэр бол хамгийн их борлуулалттай хэд хэдэн номын зохиогч, автор. Тэдгээрт нь “Америкт суралцсан тэмдэглэл”, “Нүүдэлчний яриа”, “Миний ажлын ноу-хау”, “Гэрт болсон яриа”, “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг багтана. Эдгээрээс олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулттай номоор тодорч, гадаад зах зээлд гарсан нь “Ногоон нүдэн лам” хэмээх түүхэн роман. Зохиолчийн тодотгосноор уг ном 75 мянган хувь зарагдсан юм гэдэг. Араас нь хоёрдугаар дэвтэр болох “Жаран цагаан хонь” романаа 6000 ширхэг хувиар хэвлүүлж, худалдаанд гаргахад эхний долоо хоногтоо дууссан талаар мөн ярьж байв. Гэхдээ түүнийг зөвхөн номын зохиогчоор дүгнэвэл өрөөсгөл.

Эзэмшсэн мэргэжил, хамгаалсан зэргийн хувьд ч дутахгүй, дээгүүр бичигдэх намтартай. 1988 онд ЗХУ-ын Свердловскийн дээд сургуулийг төлөвлөлт, эдийн засагч мэргэжлээр улаан дипломтой төгсч, 1993 онд Москвад, 2004 онд АНУ-ын Стэнфордод мастер хамгаалсан нь үүнд хамаарна. АНУ-ын Йелийн их сургуулийн хөтөлбөрт суралцаж, Эйзэнхауэрийн тэтгэлэгт шалгарч байсныг нэмж тооцвол хаана ч очсон гологдох боловсролтой нэгэн биш. Дан ганц ном бичиж, борлуулаад явах нь түүнд чамлалттай санагдсан уу? хэлж мэдэхгүй 2007 онд үүсгэн байгуулсан “Нутгийн шийдэл” ТББ-аагаараа дамжуулан “Жорлонгоо өөрчилье” аяныг өрнүүлж, нүхэн жорлонг халах кампанит ажлыг орон даяар явуулж байна.

II

Түүний улс төртэй холбогдсон намтар нь саяхных биш эртнийх. АН үнэмлэхүй олонхиор анх удаа засагласан 1996 оноос эхтэй, Ц.Элбэгдорж УИХ-ын дэд дарга болсон үеэс бичигддэг. Өөрөөр хэлбэл, улс төрд хөтөлж оруулсан, уяатай юм шиг дэргэдээ тордож явсан хүн нь Ц.Элбэгдорж. Парламентын спикерийн орлогчийн туслахаар ажиллаж байсан тэрбээр “Өмч хувьчлал” төслийн менежер болоод төд удалгүй Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд болж дэвшихэд Шадар туслахаар эргэн ирж байв. Найман сар Ерөнхий сайдаар ажилласан ч намынхаа дотоод зөрчлөөс албан тушаалаасаа огцорсон Ц.Элбэгдорж УИХ дахь “Олонхийн бүлэг”-ийн даргын сэнтийд буурь сэлгэхдээ Ц.Оюунгэрэлийг Ажлын албаны даргаар тавьж л байлаа.

Дараа нь хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болоход, Монгол Улс Ардчилсан Ерөнхийлөгчийг сонгоход ч тэрбээр Зөвлөхийн эрэмбээс буугаагүй. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсны дараа гэргий Б.Булган нь “Гэмт этгээдүүд эрэгтэй, эмэгтэй хоёр байсан. Бие биенийгээ Батаа, Оюунаа хэмээн дуудсан” гэж цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөнтэй холбогдуулж, тухайн үеийн Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Элбэгдоржийн туслах Ц.Оюунгэрэлийг шалгаж байв.

Энэ тухай Ц.Оюунгэрэл “Миний үсний дээж, гар хурууны хээг авч аравдугаар сарын 2-нд хаана, юу хийж явсан талаар гэрчийн мэдүүлэг авсан. Талийгаач ч, түүний гэргий Б.Булган ч бид хоёрыг сайн танина. Баг өмсчихөөд хажууд нь ярих нь байтугай утсаар ярьсан ч бие биенийхээ дууг андахгүй мэднэ. Би нөхрөөсөө өндөр нь үнэн. Тэр хэрэгт сэжиглэгдсэн хүүхэн дунд зэргийн уртавтар үстэй байсан гэсэн. Харин би тахимаа хүрсэн урт, өтгөн үстэй” хэмээн “Үндэсний эрх” сонинд ярилцлага өгч байсан нь сонины архивт хадгалаатай бий. Ерөөс Ц.Элбэгдорж гэдэг улстөрч төрийн өндөр албан тушаалд очих бүрд Ц.Оюунгэрэлийг хажуудаа байлгасан, танигдах эхлэлийг тавьж, замыг нь засч ирсэн нь маргашгүй үнэн юм.

III

Ц.Оюунгэрэлийн од шүүрсэн үе нь 2012 он. Номын автор биш улстөрчийн хувиар. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газарт Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар очсон юм. Анх удаагаа гишүүнээр сонгогдоод зогсохгүй Засгийн газартаа сайдын албыг давхар хашина гэдэг баргийн улстөрчид олдохгүй боломж. Ялангуяа АН шиг “ах нар” нь зайгаа тавьж өгдөггүй намын хувьд.

Түүнийг сайд болсноос жил хүрэхгүйн хугацааны дараа 70 гаруй сая жилийн настай Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн олдвор эх орондоо ирж байв. Байв ч гэж, Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад 2012 оны тавдугаар сарын 18-нд Нью-Йорк хотноо дуудлага худалдаанд орох гэж байсан Батаарын олдворын тухай мэдээлэл сонорт нь хүрснээр нэхэмжлэл гаргаж, жил дамнан явсаар Ц.Оюунгэрэлийн үед “Кореан эйр” компанийн онгоцоор Монголд газардсан хэрэг. Ингэж тэр Ц.Элбэгдоржийн тусламжтайгаар “Батаар сайд” нэрийг зүүв.

Олдворыг тухайн оныхоо зургаадугаар сарын 1-нээс Сүхбаатарын талбай дахь түр музейд байршуулан олон нийтэд үзүүлж, улмаар нийслэлд хадгалах байр сав байхгүй учраас Дарханы музейд “өвөлжүүлсэн” байдаг. Удаах онд нь буюу 2014 онд МАН-ын өмчлөлд байсан Лениний музейн барилгыг төрд албадан авч Үлэг гүрвэлийн музей болгосон түүхтэй. “Батаар сайд” тодотголтой болсноос бусдаар Ц.Оюунгэрэлийг нийгмийн анхаарлын төвд оруулсан өөр нэг асуудал нь төрсөн дүү Ц.Батыг Зам, тээврийн сайд А.Гансүхийг гүтгэж, нэр төрд нь халдсан гэж үзэн шүүхээс гурван сар 10 хоног хорих шийдвэр гаргасантай холбогдоно. Уг шийдвэрт эгдүүцсэн тэрбээр “Шүүмжилж байгаа хүн хуулиар хамгаалуулж чадахгүй шууд шоронд явчихаж байна. Энэ маш эмгэнэлтэй дүр төрх” хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг бол хариуд нь А.Гансүх “Ц.Оюунгэрэл сайдтай уулзаад дүү чинь хэтэрч байна гэхэд “Манай дүү бол хувь хүн. Би оролцохгүй, надад хамаагүй, та хоёр өөрсдөө учраа ол” гэсэн. Тийм болохоор цагдаад өгч шалгуулсан юм” гэж байлаа.

IV

Хүний эрхийн төлөө дуугардаг, түүгээрээ мэргэшсэн гарын арван хуруунд багтах цөөн улстөрчийн нэг Ц.Оюунгэрэл мөн үү гэвэл мөн. Э.Бат-Үүлийг саатуулахад акц өрнүүлж, С.Эрдэнийг баривчлахад албат нь юм шиг ажилласан түүх түүнд бий. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамаарал бүхий хүмүүсийг хоморголон барьж, хорьж байх үед 461 рүү очиж Л.Гансүх, Тулга, Г.Дэнзэн, Я.Батсуурь нартай тэр л биечлэн уулзаж эрхийг нь хамгаалж байв. Казиногийн хэрэгт холбогдсон гурван гишүүнээ өмгөөлж, Олон улсын парламентын холбоонд өргөдөл бичих зэрэг эрсдэл шаардсан олон зүйлд, огтхон ч эргэлзэхгүйгээр тууштай явдаг нь Ц.Оюунгэрэлийн имиж. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэг дээр Ц.Элбэгдоржтой, Цаазын ялыг сэргээх асуудлаар Х.Баттулгатай зөрөлдөж явсан нь ч нэмэгдэнэ.

Харин өнөөдөр тэр харьцангуй том зорилгын төлөө зориг шулуудсанаа зарласан нь Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших тухай мэдэгдэл. Ингэхийн тулд АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн нь саяхан. Сонирхолтой нь, “Миний хувьд АН-ын даргын сонгууль бол дараагийн том даваа руугаа явах бие халаалт байлаа. Энэ бие халаалтыг шижигнэсэн залуустайгаа хамт хийсэндээ баяртай байна. Дараагийн сунгаанд дахин уулзатлаа баяртай” хэмээсэн нь олон хүний гайхширлыг төрүүлсэн.

Бие халаалт

Нэг үгээр АН-ын даргын сонгуульд амжилтгүй оролцсон Ц.Оюунгэрэл түүнийгээ “бие халаалт” байсныг зарлаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанд дахин өрсөлдөхөө мэдэгдсэн нь энэ. Индэрээс мэдэгдсэн шигээ Ц.Оюунгэрэл АН-ын сунгаанд дахин хүч үзээд цорын ганц нэр дэвшигчээр сонгогдох уу? гэдэг нь эргэлзээтэй. Тэр тусмаа одоогийн АН-ын нөхцөлд.

С.Эрдэнийнх үү? эсвэл Ц.Тувааных уу? гэсэн эргэлзээг нийгэмд төрүүлтлээ бүдгэрсэн АН-ын хуваагдал О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг даргаараа сонгосноор хэсэгтээ “намжсан”. Уг эргэлзээг тайлах, зөвхөн нэгийг нь бүртгэх эрх хуулиараа Дээд шүүхэд бий. Хэрэвзээ Дээд шүүх хэнийг нь ч бүртгэхээс татгалзвал энэ хүртэл явсан С.Эрдэнэ, Ц.Тувааны зөрчил ямар ч үр дүнгүй болно. Томоохон сонгуулийн өмнө нь АН өөрөө үнэгүйдэнэ. Хүн нь солигдсон болохоос малгай нь буюу С.Эрдэнэ, Ц.Туваан гэсэн маргааныг эцэслээгүй, жинхэнэ ялагч “тодроогүй” гэсэн үг.

Тэгэхээр “Дараагийн сунгаанд дахин уулзъя” хэмээх Ц.Оюунгэрэлийн үг төрөлх намынхандаа дайсан ТАНДАЛТ байх магадлал нь өндөр. Энэ хүртэл угжирсан намынх нь маргааныг Дээд шүүх л эцэслэж дэнслэнэ гэдгийг тэр мэдэхгүйдээ тэгж яриагүй нь мэдээж. Харин АН-ын даргын сунгаагаар “бие халаалт” хийж, эцэст нь ХҮН-аас нэр дэвших магадлал нь өндөр. Улс төр болсон хойно хэн хэндээ ашигтай, боломжтой, тодорхой тохироотой байж чадвал шүү дээ?

Яг л Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшихдээ Н.Энхбаяраар барьцаалж, МАХН-аас нэр дэвшигчийг захиалж, өөртөө ашигтайгаар эргүүлж байсан шиг. 1996 оноос дэргэд нь ажиллаж, суралцаж ирсэн хүний хувьд хэдий үед ямар үйлдэл хийхээ Ц.Оюунгэрэл хамгийн сайн мэднэ. Тэр нь АН уу? эсрэгээрээ ХҮН үү?

1 сэтгэгдэл

  1. Хх

    2021-04-08

    Дэмжинэ ээ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet