ӨВ СОЁЛ

Соёлын өвийн үндэсний төвийн ШИНЭ БАРИЛГА ашиглалтад орлоо

Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын нээлт өнөөдөр боллоо. Тус төвийн барилгын ажлыг “Заг” ХХК гүйцэтгэсэн бөгөөд барилга нь газар доорх B1 давхар болон нэг, хоёрдугаар давхраас бүрдсэн нийт 8,000 м2 талбайтай, 130 гаруй өрөө тасалгаа, авто зогсоол, ногоон байгууламжтай аж.

Нээлтийн үеэр Соёлын сайд Ч.Номин “Соёлын өвийг бүртгэн баримтжуулах студи, сэргээн засварлах лаборатори, урлан, сургалтын танхим, сан хөмрөгийн өрөө зэрэг соёлын биет болон биет бус өвийг цогц байдлаар хамгаалах шаардлага хангасан зориулалтын байр болж байгаа нь соёлын өвийн хадгалалт, хамгаалалтыг олон улсын жишигт хүргэх нэгэн бодитой алхам боллоо. Анх 2008 онд барилга барих газрыг олгосон тэр цагаас хойш соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын үе үеийн удирдлага дэмжлэг үзүүлсээр ирсний үр дүнд, мөн та бид бүхний хамтын хичээл зүтгэлийн үр дүнд Соёлын өвийн үндэсний төвийн шинэ байр баригдаж, ийнхүү амжилтай үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаад би хувьдаа баяртай байна. Соёлын яамны зүгээс барилгыг ашиглалтад оруулахтай холбогдолтой бүхий л дэмжлэгийг өнгөрсөн хугацаанд үзүүлж, анхаарал хандуулан ажилласан гэдгийг нь хэлэхэд мөн таатай байна” гэлээ.

Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилга ашиглалтад орсноор соёлын өвийг бүртгэх, судлах, хамгаалах сэргээн засварлах ажил чанарын болон тоон үзүүлэлтэд ахиц дэвшил гарахаас гадна зориулалтын шаардлага хангасан өрөө тасалгаанд соёлын биет өвийг хадгалах боломж бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар тус төв нийт 35 ажилтан, албан хаагчтайгаар Монгол Улсын хэмжээнд соёлын биет болон биет бус өвийг бүртгэх, баримтжуулах, сэргээн засварлах, хамгаалах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

Эх сурвалж: Соёлын яам

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet