ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хятадууд барууны брэндүүдийг бойкотлов

Хөвөн даавуу үйлдвэрлэлийн зах зээлийн томоохон хэсгийг бүрдүүлдэг Шинжаан Уйгурын өөртөө засах бүсийн үйлдвэрүүдэд уйгуруудыг албадан ажиллуулж байсан гэх мэдээллийн дагуу томоохон брэндүүд энэ талаар мэдэгдэл гарган, тус бүсээс түүхий эд аваагүй, авахгүйгээ мэдэгдсэн. Үүний хариуд хятадууд “Adidas”, “Nike”, “H&M” зэрэг брэндүүдийг бойкотлож эхэллээ.

Хятадын олон мянган хэрэглэгч дээрх брэндүүдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахаас татгалзаж, урлагийн одод “Улс орны эрх ашиг бүхнээс дээгүүр” гэж мэдэгдэн,  хамтран ажиллахгүйгээ илэрхийлснээс гадна цахим худалдааны Пин дуодуо, Ти-Молл, Таобао зэрэг  томоохон тавцангууд “H&M” албан ёсны дэлгүүрийг татан буулгав.

Европын орнууд лалын шашинт уйгар болон бусад цөөнх үндэстний эрхийг зөрчиж буй асуудлаар Хятадын өндөр албан тушаалтнуудад хориг тавьсантай ч энэ бүхэн холбоотойг ажиглагчид онцолж байна. Учир нь тус компаниуд уйгаруудыг албадан ажиллуулж, эрхийг зөрчиж буйд харамсаж буйгаа хоригоос нэлээд өмнө мэдэгдсэн. Харин Европын холбоо хориг тавьсны дараа энэ асуудал хурцдаж, Хятадын Коммунист залуучуудын эвлэл олон нийтийн сүлжээгээр компаниудын мэдэгдлийг буруушаасан өнгө аястай мэдээллүүдийг цацжээ.

Хятад дахь “H&M” брэндийн салбар хэрэглэгчдээ үргэлж хүндэтгэдгээ онцолж, дээрх мэдэгдлийг хийхдээ улс төрийн ямар нэгэн байр суурийг илэрхийлээгүй гэж вэйбо тавцангаар дамжуулан мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet