ДЭЛХИЙН МЭДЭЭ

Израильд парламентын сонгууль болж байна

Израильд сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрөв дэх удаагаа парламентын сонгууль болж байна. Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн тэргүүлсэн “Ликуд” нам парламентад олон суудал авах магадлал өндөр гэдгийг ажиглагчид онцолж буй ч Засгийн газраа бүрдүүлэхэд мөн л бэрхшээл тулгарч болохыг анхааруулжээ.

Тус улсад улс төрийн хямрал нүүрлэж, 2019 оны дөрөвдүгээр сараас хойш бүрэн бүрэлдэхүүнээр үйл ажиллагаа явуулах Засгийн газрыг байгуулж чадахгүй байна. Сонгуулийн сурталчилгаанд намууд сая сая ам.доллар зарцуулсан ч парламентын үйл ажиллагаа жигдэрсэнгүй.

Израилийн Ерөнхий сайдын албыг олон жил хашсан, улс төрийн голлон тоглогчдын нэг Биньямин Нетаньяхугийн засгийг солих ёстой гэж ард иргэдийн олонх нь үзэж байгаа ч үүссэн нөхцөл байдлыг намынхаа талд чадмаг ашигладаг тэрбээр өөрт нь авлигын хэрэг үүсгээд буй нөхцөл байдалд ч улс төрийн тавцанд байсаар байна.

Сонгуулийн  өмнөхөн тэрбээр дархлаажуулах аяныг амжилттай явуулж, хүмүүс хэвийн амьдралдаа эргэн орох нөхцөл бүрдүүлсэн нь түүнд нэмэх оноо авчрах бололтой. Тиймээс ч “Ликуд” намынхан парламентад олонх болж чадахуйц буюу 61 суудал авахаар тооцоолж байна. Ингэвэл бусад намтай эвсэл байгуулалгүйгээр Биньямин Нетаньяху ирэх дөрвөн жил дангаараа засаглана.

Гэхдээ эрх баригч намын дотор ч хагарал газар авч, Биньямин Нетаньяху ойрын холбоотнууд, тэр дундаа түүнийг халааг авах магадлалтай гэгдэж байсан улстөрчид ч намаасаа гарсан нь энэ удаагийн сонгуульд нөлөөлөх бололтой. Тухайлбал, Ерөнхий сайдын орлогчийн албыг хоёр удаа хашиж байсан  Гидеон Саар “Шинэ найдвар” нам байгуулсан бөгөөд сонгуульд 20 хүртэлх суудал авч магадгүй байгааг ажиглагчид онцлолжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet