COVID-19

Цар тахлын улмаас Өмнөд Азид 228 мянган хүүхэд энджээ

“Ковид-19”-ийн халдвар, цар тахлаас үүдсэн эрүүл мэндийн үйлчилгээний доголдлын улмаас Өмнөд Азид л гэхэд 228 мянган хүүхэд нас барсан тухай НҮБ-аас гаргасан илтгэлд онцолжээ. Тухайлбал, Афганистан, Балба, Бангладеш, Энэтхэг, Пакистан, Шри Ланк буюу 1.8 тэрбум хүн амьдран суудаг бүсэд цар тахлын үр дагавар эмэгтэйчүүд, хүүхдүүд, өсвөр насныханд сөргөөр нөлөөлснийг энэ итгэлээс харж болох нь.

Өмнөд Азид коронавирусийн 13 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд одоогоор 186 мянган хүн нас бараад байна. Эдгээр улс орнуудад цар тахлын халдварыг хумихын тулд хатуу хөл хорио тогтоож, эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүрүүдээс бусад байгууллага, албан газрын үйл ажиллагаа зогсоход хүрсэн. Дээрх хөл хорио, тусгаарлалтын дэглэмийн шууд ба шууд бус үр дагавар эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ, боловсролын салбарт сөргөөр нөлөөлсөн гэж илтгэлд өгүүлжээ.

Дээрх зургаан оронд хоол тэжээлийн дутагдалд орсон, дархлаажуулалт хамрагдаагүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч чадаагүй зэрэг шалтгаанаар тав хүртэлх насны 228 мянган хүүхэд нас барсан байна. Тэр дундаас Энэтхэгт хүүхдийн эндэгдэл хамгийн их байгаа бөгөөд өнгөрсөн онд энэ үзүүлэлт 15.4 хувиар өссөн бол Бангладешт 13 хувиар нэмэгдсэн байна.

Түүнчлэн жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл хүртээмжгүйн улмаас 3.5 сая эмэгтэй хүсээгүй жирэмслэсэн бөгөөд өсвөр насны охид ч тэдний дунд цөөнгүй хувийг эзэлж байна. НҮБ-ын мэргэжилтнүүдийн анхааруулж буйгаар, эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдсэн учир сүрьеэ, хумхаа,  ХДХВ болон ДОХ зэрэг өвчний эмчилгээнд хамрагдаж чадаагүй хүмүүс олноор нас барж магадгүй нь.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet