COVID-19

МОНГОЛ: Вакцинжуулсан хүмүүсийн 48.8 хувьд нь хариу урвал илэрч байна

Гэрэл зургийг MPA

ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Вакцинжуулсан хүмүүсийн 48.8 хувьд нь хариу урвал илэрч байна” гэж хэллээ.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 48 дархлаажуулалтын багийн 420 гаруй эмч, мэргэжилтэн өчигдөр вакцинжуулт хийх ажилд оролцлоо. Энэ сарын 9-ний байдлаар нийт 30,446 хүнийг вакцинд хамруулсан.

Одоогоор вакцин хийлгэсний дараа илэрдэг хариу урвал вакцины зааварт тусгагдсан түвшинд байна. Тодруулбал, вакцин тариулсны дараа халуурах шинж тэмдэг нийт хамрагдсан хүмүүсийн 60 хувьд нь илэрнэ гэж зааварт тусгагдсан. Мөн 40-50 хувьд хэсэг газар өвдөх, томуугийн шинж тэмдэг илэрнэ гэсэн байгаа.

Манай улсын хувьд вакцин хийлгэсэн хүмүүсийн 48.8 хувьд нь хариу урвалууд илэрч байна. Эдгээр хариу урвалуудыг иргэн өөрөө ажиглах бөгөөд илэрсэн тохиолдолд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Өнөөдөр нийслэлийн 46 байршилд 94 баг 1200 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллахаар төлөвлөөд байна” гэсэн юм.

Ташрамд, вакциныг жирэмсэн эмэгтэйчүүдэд хийхгүй, харин жирэмслэхээр төлөвлөж байгаа бол бүрэн тунгаа авч амжих эсэхээ эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр шийдэхийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма зөвлөлөө.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet