ДЭЛХИЙН МЭДЭЭ

ДЭЛХИЙ: Эмэгтэйчүүдийн баяр ганц “Мартын 8”-аар дуусдаггүй

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу гуравдугаар сарын 8-ны өдрийг олон улсад тэмдэглэдэг. Гэвч энэ бол эмэгтэйчүүдэд зориулсан цор ганц баяр, тэмдэглэлт өдөр  биш. Дэлхийн улс орнуудад тэмдэглэн өнгөрүүлдэг эмэгтэйчүүдийн бусад баярын тухай онцолж байна.

Эхчүүдийн өдөр

Ээжүүд, эх хүний алдар, гавьяаг онцлон тэмдэглэдэг Эхчүүдийн өдрийг 40 гаруй оронд тэмдэглэдэг бөгөөд энэ нь жил бүрийн тавдугаар сарын хоёрдугаар долоо хоногийн ням гарагт болдог. АНУ-д Эхчүүдийн өдрийг 1914 онд үндэсний баяр болгосон байна.

АНУ- Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр

Америк бүсгүйчүүд тэгш эрхийн төлөө он удаан жилээр тэмцэж ирсэн. Жил бүрийн наймдугаар сарын 26-ныг тус улсад Эмэгтэйчүүдийн тэгш эрхийн өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд 1972 онд Ерөнхийлөгч Ричард Никсоны зарлигаар баяр болгон зарлажээ.

Япон- Охидын өдөр

Японд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг өргөн тэмдэглэдэггүй. Гэхдээ гуравдугаар сарын 3-нд Хинамацури буюу охидын өдрийг тэмдэглэдэг. 794-1185 үед буюу Хэйан үед энэ баярыг анх тэмдэглэж эхэлсэн бөгөөд япончууд охидынхоо сайхан сайхан ирээдүй, аз жаргалын төлөө мөргөн ерөөдөг.

Армени- Эхчүүдийн өдөр

1990-ээд онд Армени Улс тусгаар тогтнолоо зарласны дараа мартын 8-ныг албан ёсны тэмдэглэлт өдрийн жагсаалтаас хасах тухай яригдаж эхэлжээ. Ингэснээр тэд дөрөвдүгээр сарын 7-ныг Эхчүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн.

ӨАБНУ- Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр

Өмнөд Африкийн бүгд найрамдах Улсад наймдугаар сарын 9-нд Эмэгтэйчүүдийн үндэсний өдрийг тэмдэглэдэг аж. Тэртээ 1956 онд 20 мянга гаруй эмэгтэй Засгийн газрын байрны гадаа жагсаж апартеид буюу арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бодлогыг эсэргүүцсэн үйл явдлыг энэ өдөр нэхэн санадаг бөгөөд 1995 оноос энэ өдрийг улсын баяр болгон зарлаж, жил бүр тэмдэглэдэг болжээ.

Мозамбик- Эмэгтэйчүүдийн баяр

Мозамбикийн үндэсний баатар гэгддэг Жосина Машелийн таалал төгссөн өдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд тус улс Эмэгтэйчүүдийн баярыг тэмдэглэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үйлдэх, ялгаварлан гадуурхахын эсрэг үзэл санааг тунхагладаг нийслэл Мапуту дахь Баатруудын хөшөөнд цэцэг өргөх ёслол болдог.

Жозина Машел бол тус улсын анхны Ерөнхийлөгч Самора Машелийн эхнэр төдийгүй “Мозамбикийг чөлөөлөх фронт” хөдөлгөөний идэвхтэн, зоригт тэмцэгч, улсынхаа тусгаар тогтнолын төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан баатар байв.

Тунис- Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр

Тунист 1956 оны наймдугаар сарын 13-нд эмэгтэйчүүдийг хууль, эрх зүйн субъект хэмээн хүлээн зөвшөөрсөн хуулийг баталжээ. Энэхүү хуулийн хүрээнд олон эхнэртэй байхыг халж, гэр бүл цуцлахыг хуулийн үйл явц болгон баталгаажуулж, хоёр хүн харилцан зөвшөөрөх нь гэр бүл болон зайлшгүй нөхцөл гэдгийг зааж өгсөн юм. Тэр үеэс хойш энэ өдрийг Тунист Эмэгтэйчүүдийн өдөр болгон тэмдэглэж ирсэн байна.

Латин Америк- Африк, латин америк, кариб эмэгтэйчүүдийн өдөр

Долдугаар сарын 25-нд Латин Америкт Африк, латин америк, кариб эмэгтэйчүүдийн олон улсын өдрийг тэмдэглэдэг. Энэ өдрийг анх 1992 онд Доминиканд тэмдэглэж, бүсийн 32 оны эмэгтэйчүүдийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байв.

Арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхахтай тэмцэх сэдвийн дор чуулсан энэ өдрөөс хойш жил бүр уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн аж. Ташрамд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл энэ бүсэд хамгийн их байдгийг НҮБ онцолсон бөгөөд жил бүр 20 сая эмэгтэй бие, сэтгэл зүйн эрүүл мэндээрээ хохирдог байна.  

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet