ДЭЛХИЙН МЭДЭЭ

Мьянмар: Цагдаа нар жагсагчид руу гал нээж, 17 хүний амь үрэгджээ

Цэргийнхэн төрийн эргэлт хийснийг эсэргүүцэн жагсаж буй иргэд рүү цагдаа нар гал нээж, хүний амь эрсэджээ. Өчигдөр Мьянмарын нийслэл, мөн томоохон хот болох Янгон, Тавойд болсон жагсаалын үеэр 17 хүний амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан тухай ВВС мэдээлэв. Төрийн эргэлт гарснаас хойш тус улсад эсэргүүцлийн жагсаал үргэлжилсээр байгаа юм.

Янгонд болсон жагсаалд оролцогчдын хэлж буйгаар, хүмүүсийг цуглаж эхэлсний дараа ямар ч анхааруулгагүйгээр цагдаа нар буудаж, нулимс асгаруулагч ашигласан гэнэ. Нас барсан хүний тоо цаашид ч өсөж магадгүй, шархадсан жагсагчдын заримынх нь биеийн байдал хүнд байна гэх мэдээлэл ч гарлаа.

Үүний зэрэгцээ тус улсын төв телевизийн мэдээлснээр, өнгөрсөн бямба гарагт л гэхэд 470 хүнийг баривчилжээ. Долоо хоногийн өмнө 20 настай эмэгтэй жагсаалын үеэр авсан шархаа даалгүй нас барсан бол түүний дараахан мөн хоёр жагсагч амиа алдсан билээ.

НҮБ-д Мьянмарыг төлөөлж буй элч Чо Мо Тун өнгөрсөн бямба гарагт цэргийнхний дэглэмийг эсэргүүцсэн мэдэгдэл хийснийхээ төлөө албан тушаалаасаа буулаа. Тэрбээр цэргийн хунтын засаглалыг зогсоохын төлөө бүх аргаа хэрэглэхийг уриалсан бөгөөд түүнийхээ хариуд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдсан нь энэ аж.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet