ДЭЛХИЙН МЭДЭЭ

Нигерид 300 охиныг хулгайлжээ

Нигери Улсын баруун умард хэсгийн Замфара мужийн Жангебе хотын сургуулийн дотуур байранд амьдарч байсан 300 охиныг үл таних этгээдүүд хулгайлсан хэрэг гарчээ. Өнгөрсөн баасан гарагт болсон энэ хэргийг Ерөнхийлөгч Мухаммаду Бухари “Байж боломгүй харгис үйлдэл” гэж мэдэгдээд байна.

Тус улсад мөнгө нэхэх, шантаажлах зорилгоор хүүхдүүд, иргэдийг хулгайлах, барьцаалах тохиолдол цөөнгүй гарч байгааг тэрбээр онцлоод хүүхдүүдийг эсэн мэнд эргүүлэн авчрахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг авахаа мэдэгдсэн юм.

Гэрчүүдийн мэдээлж буйгаас үзвэл гэмт этгээдүүд шөнөөр сургуулийн хашаа руу нэвтэрч, хамгаалагчийн аминд халдсан бөгөөд охидыг сэрээн сууринтай залгаа ой руу авч одсон гэнэ. Эцэг эхчүүд нэгдэн ойролцоох ойд хүүхдүүдээ хайх төлөвлөгөө ч гаргаад буй аж.

Ташрамд, 2014 онд “Боко Харам” бүлэглэлийнхэн 276 сурагчийг хулгайлсан хэрэг гарч байжээ. Исламын хэт даврагч үзлийг баримталдаг энэ бүлэглэл охидыг сургуульд сургахыг эрс эсэргүүцэж, сургууль, гэр бүл рүү нь халдсан хэрэг үйлддэг.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet