Live
COVID-19

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дотооддоо хийх коронавирусийн вакцины хамгийн ЭХНИЙ ТУНГ хийлгэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. Энэ үеэр тэрбээр “Дотооддоо хийх коронавирусийн вакцины хамгийн ЭХНИЙ ТУНГ хийлгэнэ” гэж мэдэгдлээ. Мөн вакцин татан авах ажлыг өнөөдрөөс эхлүүлнэ гэсэн юм.

Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид, өндөр настан, суурь өвчтэй  хүмүүсийг вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа тухай Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма танилцуулав. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хоёр тун тарих юм. Цар тахлын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа, түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байгаа нь батлагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНСУ-ын SKBio, БНЭУ-ын Serum Institute of India компанид үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинд зөвшөөрөл олгосон байна. Ингэснээр Монгол Улс хүн амынхаа 20 хувь буюу 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг Ковакс хөтөлбөрийн хүрээнд авах боломжтой. Үүний зэрэгцээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өгөрсөн оны 12 дугаар сард Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн вакцинд яаралтай горимд хэрэглэх зөвшөөрөл олгосон юм.

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ёстой. Иймээс Засгийн газар дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголт хийх боломж олгохоор төлөвлөсөн. Цаашид вакцины хадгалалт, хамгаалалт, түгээлтэд хяналт тавих, иргэдэд вакцины талаар үнэн зөв ойлголт, мэдээлэл өгөх зэрэгт анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаны хүмүүст чиглэл болгов.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet