Дональд Трампт хариуцлага тооцохгүй болов

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Капитолын үймээнд хүмүүсийг турхирсан, Төрийн тэргүүний хувьд итгэл алдсан хэмээн хариуцлага тооцох асуудлыг Сенатаар хэлэлцэж, Ардчилсан намын 50 сенатч, Бүгд найрамдах намын долоон сенатч импичмент зарлахыг дэмжин саналаа өгчээ. Харин Бүгд найрамдах намын 43 сенатч Дональд Трампыг гэм буруугүй гэж үзэн импичментийн эсрэг санал өгсөн байна.
Ингэснээр Дональд Трампыг гэм буруутай гэж үзэн хариуцлага тооцох үйл явцыг эхлүүлэхэд шаардлагатай саналын тоо дутсан байна. Төрийн тэргүүн асны гэм бурууг шүүх, хариуцлага тооцохын тулд Сенатын 100 гишүүний 67 нь үүнийг дэмжин саналаа өгсөн байх ёстой.
Нэгдүгээр сарын 20-нд Төрийн тэргүүний албыг хүлээлгэн өгсөн Дональд Трамп Сенатын санал хураалтын дараа мэдэгдэл хийхдээ “Манай улсын түүхэн дэх “шулмын ан”-гийн томоохон үе шат нь энэ болов. Хэдхэн сарын өмнө миний төлөө Америкийн 75 сая иргэн саналаа өгснийг өрсөлдөгчид минь мартаж хэрхэвч чадахгүй байна” гэжээ. Тэрбээр мөн хуульчдынхаа баг, импичментийн төлөө санал өгөхөөс татгалзсан нам нэгтнүүддээ талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Newsru

Хариулах