Live
ЗАСГИЙН ГАЗАР

Б.Жавхлан: Ард түмний дунд мөнгө хэвлэх гэж байна гэсэн буруу ойлголт яваад байна

14.00 цагт: Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж байна.

Тэрбээр “Энэ цаг мөчөөс эхлэн тактикаа өөрчлөх хэрэгтэй байна. Ийм алхам хийхгүй бол эдийн засаг маш хүнд байдалд орно. Магадгүй эрүүл мэндийн салбарт ч дэмжлэг үзүүлэх боломжгүй болж мэднэ.

Иймд эдийн засгийг сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг өнөөдрийн хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ.

Цаашдаа төлөвлөгөө маш дэлгэрэнгүй, хэсэгчилж танилцуулах болно. Мөнгөний нийлүүлэлтийн талаар мэдээлэл өгч байсан. Ард түмний дунд мөнгө хэвлэнэ гэсэн буруу ойлголт яваад байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөрт бэлэн мөнгө хэвлэн тараах тухай байхгүй.

Мөнгөний нийлүүлэлт нь банкуудаар олгох зээл, төсвийн хөрөнгө оруулалт, гадаадын хөрөнгө оруулалт гэх үндсэн гурван сувгаар явдаг” гэлээ.

Иргэдийн эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээхэд 10 их наяд төгрөг зарцуулна

Засгийн газар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд:

–       Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл

–       Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг

–       Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг

–       Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг

–       Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг

–       Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгасан байна.  

Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”. Үүнийг үр дүнтэй хийхгүйгээр төлөвлөгөө хэрэгжих боломжгүй учир онцгой анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад санууллаа. Цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Эдийн засгийн Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Жавхлан,  Эрүүл мэндийн Ажлын хэсгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдоор ахлуулан байгуулсан байна. Цар тахлын улмаас 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшаад байна. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Энэ бүхнийг харгалзан Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

12.00 цагт: Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, вакцинжуулалт зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэж байна.

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Хурлаар,

  • “Ковид-19”-ийн үеийн нөхцөл байдал,
  • “Нэг хаалга-нэг шинжилгээ”,
  • Вакцинжуулалт,
  • Эдийн засгийг сэргээх 10 их наядын төлөвлөгөө зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet