Live
ЗАСГИЙН ГАЗАР

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд НЭГ САЯ төгрөгийн тэтгэмжийг ДЭМЖИХГҮЙ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар коронавирусийн халдварын эсрэг иргэдийн амьжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг хэлэлцсэн бөгөөд төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд танилцуулж байна.

Тодруулбал, УОК, НОК, ЭМЯ-наас гарч буй шийдвэрийг нэгдсэн төлөвлөлттэй болгох шаардлагатай байгааг онцоллоо. Мөн гамшгийн үеийн нөхцөл байдлыг ногоон, шар, улбар шар, улаан гэсэн дөрвөн өнгөөр үнэлэхээр болжээ. 

  • Ногоон өнгөнд шилжсэн үед иргэдэд сануулга, мэдээлэл өгнө.
  • Шар өнгөтэй үед өдөр тутмын бэлэн байдлын зэрэг буюу анхааруулах үед шилжинэ.
  • Улбар шар буюу хатуу анхааруулах үе.
  • Улаан нь шаардах үе бөгөөд Шадар сайд асуудлыг 100 хувь хариуцаж ажиллах аж.

Маргааш буюу энэ сарын 11-нээс хатуу хөл хорио буюу улаан өнгөнд шилжиж байгааг Ерөнхий сайд тэмдэглээд, хөл хорионы үеийг ашиглаж ногоон эсвэл шар өнгөнд нөхцөл байдлыг хумиж авах нь бидний хамтын зорилго хэмээв. Мөн өрх бүрд НЭГ САЯ төгрөгийн дэмжлэг олгох Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагыг ДЭМЖИХГҮЙ гэдгээ хатуу хэллээ.

Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр “Орон сууцжуулах хөтөлбөр үргэлжилнэ. Газар чөлөөлсөн байршлууд нийслэлд бий. Тиймээс орон сууцжуулах хөтөлбөр хот, мөн хөдөөд үргэлжилнэ.

Ипотекийн найман хувийн зээлийг зургаан хувьд шилжүүлэх боломж бий эсэх асуудалд Монголбанкнаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Эцэст нь хэлэхэд Ерөнхий сайдын хэрэгжүүлэх цогц төлөвлөгөө мөрөөдөл биш. Гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх 10 их наядын төлөвлөгөө хэрэгжих бүрэн боломжтой. Үүний төлөө бид хичээж ажиллах болно” гэлээ.

Сангийн сайдын дараа Монголбанкнаас мэдээлэл өглөө. Тодруудбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Мөнгөний бодлого Засгийн газрын шийдвэр нэлээд уялдаа холбоотой гарч байгаа.

Өнөөдрийн доллартой харьцах төгрөгийн ханш 2850-аар сүүлийн зургаан сар хөдөлсөнгүй. Цаашид төгрөг чангарах төлөв байна. Өөрөөр хэлбэл, ханш дээр дарамт байхгүй.

Мөн нүүрс, алт, зэсийн үнийн өсөлт тогтвортой болон өсөх хандлагатай байна гэсэн төсөөлөл харагдаж байна. Ипотекийн зээлийн хувьд өнгөрсөн оны 12 дугаар сард маш их идэвхжсэн. Эргэн төлөлтийг түр хугацаагаар хойшлуулсан байгааг иргэд мэдэж байгаа. Хөнгөлөлттэй зээлийг 2013 оноос хойш 5, 8, 6 хувиар олгож байна. Нэг зүйлийг онцлоход зээлийн хүүгийн хувь шилжих боломжгүй. Иймээс иргэд урдын 8 хувийн зээлээ төлж дуусаад дахин 6 хувиар авч болно гэсэн үг” гэлээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet