ХҮҮХЭД

Хүүхдийг хайр халамжаар дүүрэн, хүмүүжилтэй ухаалаг нэгэн болж өсөхөд юу тусалдаг вэ

Эцэг эх бүр хүүхдээ хамгийн сайнаараа хүмүүжүүлж, бусдаас  ухаалаг, амжилттай хүн болгохыг хүсдэг. Бодит байдал дээр хүүхдийн сэтгэлгээний хөгжилд туслах хамгийн сайн зүйл бол хүүхдэдээ эерэг дадал зуршлыг энгийн, өдөр тутмын үлгэр дуурайлал, үйл хөдлөлөөр  дамжуулан бий болгох юм. Эдгээр бяцхан зүйлс нь нийлээд хүүхдийг хайр халамжаар  дүүрэн, хүмүүжилтэй ухаалаг нэгэн болж өсөхөд тусалдаг.

1. Ном уншихыг нь дэмж

Таны хүүхэд өдөр бүр ном унших нь маш өндөр ач холбогдолтой. Энэ нь тэдний үгийн сангийн баялаг, сэтгэн бодох, төсөөлөх болоод бусдыг ойлгох, харилцах чадварыг хөгжүүлдэг. Цаашлаад тэд том болох үед өөрийн сонирхлоор ном тогтмол унших зуршилтай болдог. Мөн хүүхдээсээ уншсан номынх нь талаар асууж, санал сэтгэгдлийг яриулах нь тэдний сэтгэлгээний хөгжлийг маш хурдтай түргэсгэнэ.

2. Тэдэнтэй өдөр тутмын  амьдралын талаар ярилц

Өдөр тутамд тохиолдсон зүйлсийг сэдэв болгон ярих нь  насанд хүрэгчдэд илүү хамаатай байж магадгүй. Гэвч хүрээлэн буй орчныг дөнгөж таньж эхэлж  байгаа хүүхдийн хувьд эдгээр энгийн яриа нь тэдэнд цоо шинэ, сэтгэл хөдлөм санагддаг. Жишээ нь өдөр дэлгүүрээс юуг, яагаад худалдан авснаа ярьж болно. Тэд өөрийн эрхгүй таны ярианаас суралцаж эхлэх болно. Мөн хүүхдийнхээ  мэдрэмж, санаа бодол, сонирхлыг нь хуваалц. Чи юу тоглох дуртай вэ? Үргэлжлүүлээд “Яагаад сагс тоглох дуртай вэ?” гэх мэт.​

3. Гар утас, комьютер, телевизийн дэлгэцийн өмнө суух цагийг нь багасга

Мэргэжилтнүүд хоёроос доош настай хүүхдэд гар утас, комьютер, TV-ний дэлгэц огт үзүүлэхгүй байх, 2-с дээш насны хүүхдийн үзэх цагийг 1-2 цагаар хязгаарлахыг зөвлөдөг. Хүүхэд электрон дэлгэцийн өмнө цаг их өнгөрөөх нь донтолт үүсгэж бусадтай харилцах, суралцах сонирхолыг бууруулж улмаар  хэл яриа, сэтгэлгээний хөгжилийг удаашруулах эрсдэлийг авчирдаг.

4. Хүүхдийнхээ гар урлалын бүтээл хийхийг нь дэмж

Таны хүүхдийн зурсан зураг, хайчилбар, цаасан шувуу нь хөргөгчид өлгөх бүтээлээс илүү чухал зүйл юм. Бүтээл хийх нь өнгө, орон зайн мэдлэг, бүтээлч байдал, өөртөө итгэх итгэл болон бүтээлээрээ өөрийгөө илэрхийлэх ур чадваруудыг хөгжүүлдэг. Иймд та хүүхдэдээ зориулж гэртээ олон өнгийн харандаа, маркер, өнгөт цаас, баримлын шавар хадгалахаа бүү мартаарай. Мөн хөгжим тоглох, дуу сонсох, дуулах нь хүүхдийн сонсголын ой тогтоолт, өөртөө итгэх итгэл, бүтээлч байдлын хөгжүүлдэг.

5. Хүүхдийнхээ орон зайн сэтгэх чадварыг хөгжүүл

Орон зайн сэтгэхүй гэдэг нь аливаа зүйлийг дүрслэх, юмс хэрхэн хөдөлж, хоорондоо уялдаж зохицож буйг ойлгох чадварыг хэлнэ. Энэ нь бүтээлч байдал болон Шинжлэх ухаан, Технологи, Инженерчлэл, Математикийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг. Хүүхдээ хөдөлгөөн шаардсан тоглоомоор тоглуулах, хамт алхах, таавар таалгах, гар урлал, барилгын загвар судлуулах зэрэг нь хүүхдийн орон зайн сэтгэх чадварыг хөгжүүлдэг.

6. Хүүхэддээ ухаантай гэдгийг нь байнга хэлж болохгүй.

Хэрэв хүүхэд өөрсдийгөө ухаалаг эсвэл авьяастай гэж байнга сонсож байвал тэдний ухаалаг байдал нь төрөлхийн  юм шиг санагдаж, хичээх шаардлагагүй гэж бодож магадгүй юм. Бүх зүйл хэцүү болоход тэд дараа нь шантарч, хоцрох болно. Харин тэдний оюун ухааныг магтахын оронд өсөлтийн сэтгэлгээг урамшуул. Чадварыг хүчин чармайлтаар олж авна гэдэгт итгэхийг өсөлтийн сэтгэлгээ гэж нэрлэдэг. Хүүхдээ оюун ухаан гэхээсээ илүү шаргуу хөдөлмөрлөж байгааг нь магтах нь илүү ухаалаг, тэвчээртэй болоход  тусалдаг. Хүүхдэдээ ямар нэг зүйлийн төлөө шаргуу хөдөлмөрлөж байсан, ялангуяа амжилтад хүрэхийн тулд хэчнээн их зүтгэж байсан тухайгаа ярьж өг. Ингэснээр тэд өөрсдийнхөө оюун ухааны чадварыг бүрэн дүүрэн ашиглах боломжтой болно.

7. Хүүхдэдээ суралцах арга барилаа олоход нь тусал

Мэргэжилтнүүд хүүхэд бүрийн оюун ухааны онцлогт тохирсон сургалтын ялгаатай арга барилуудыг хүлээн зөвшөөрч эхлээд байна. Жишээ нь таны хүүхэд гараар туршиж эсвэл бусадтай ярилцаж байхдаа илүү сайн суралцдаг байж болох юм. Иймээс тэдэнд өөрсдийнх чадавх, онцлогт нь тохирсон сургалтын арга барилаа олоход дэмжээрэй. Мөн хүүхдэд гадаад хэл заах нь тэдний ярианы чадвар, дасан зохицох чадварыг нэмэгдүүлдэг.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet