СОЁЛ УРЛАГ

Хоёр сая морьтой зураач

Судлаач, шүүмжлэгчид түүнийг “Даяар урлаг”-ийн гарааг түүчээлсэн гавьяатай хэмээн хүндэтгэн үнэлдэг.

Өөрийн уран зургийн арга барилыг “ОТГО” хэмээн нэрлэж, монгол зураачдын шинэ үеийн төлөөлөл гэдгээ олон улсад таниулсан зураач бол Эршүүгийн Отгонбаяр. Өдгөө 37 настай тэрбээр сүүлийн 20 гаруй жилийг уран бүтээлдээ зориулсан. Түүнийг “Туурайн төвөргөөн”, “Хүн”, “Диваажин”, “Шинэ амьдрал” гээд цаг хугацаа, хөлс хүчээ харамгүй зарцуулсан цуврал бүтээлүүд нь олонд таниулсныг бид мэднэ. Харин судлаач, шүүмжлэгчид түүнийг “Даяар урлаг”-ийн гарааг түүчээлсэн гавьяатай хэмээн хүндэтгэн үнэлдэг.

Зураачийн бүтээлд хүн, хүлэг морьд, араатан амьтан голчлох бөгөөд зурсан морьдын тоо нь  хэдийнэ хоёр саяыг давжээ. Энэ тооны морь зурсан уран бүтээлч Монголд төдийгүй дэлхийд үгүй биз. Эндээс түүний ямар шаргуу, хөдөлмөрч, мохошгүй дайчин, басхүү үнэнчийг мэдэрч болмоор.

Герман улсад эхнэр, хүүх­дүүдийн хамт амьдардаг (2005 оноос) тэрбээр энэ өдрүүдэд эх орондоо түр саатаж, Уран зургийн галерейд “ОТГО Ретроспектив 1998-2018” нэртэй үзэсгэлэнгээ  гаргаж буй. Галерейн хананд өлгөсөн 20 зургийн ойр тойрноос бүтээлийн нэр болоод тайлбар харагдах шинжгүй. Яг л эзэндээ орхигдсон эд юмс шиг гэлтэй. Харин бүтээлүүдэд хараа тогтож, няхуур ажвал орхигдсон бус огшсон мэдрэмжийг эрхгүй төрүүлэх юм билээ. Тэрбээр монгол зургийн бичил дүрс бүтээх аргаар бүтээлээ туурвидаг бөгөөд алсаас харахад яг л абстракт зураг мэт цор ганц, гүн гүнзгий мэдрэмжийг төрүүлнэ.

Үзэсгэлэнгээс

Үзэсгэлэн дэх нэгэн зурагт, олон тооны эмэгтэйг өнгө өнгийн цэцгэн дунд нүцгэн бодьгалаар дүрсэлжээ. Эмэгтэй хүний гоо үзэмж, аальгүй ааш, хэтэрчихээ юү гэмээр тийм их аз жаргалын цог нүд цоргино. Дараагийн зургаас түм түмэн адууны туурайн төвөргөөн сонсогдож, тэд бүгд нэгэн зүг рүү хуйлран урсана. Алсаас харахад ургаж буй мод, урсаж буй ус, хуйлран эрчлэх салхи мэд үзэгдэнэ. Яг тулахад, ялгарах зүйлгүй мэт ихэрлэн ижилсэх  зуун зуун морьд зэрэгцэх юм. Энэ бүхний тайлбарыг зураач цухасхан дурдахдаа “Хүмүүний зорилго, монгол зоны эв нэгдэл, бид сэрэх цаг болсны илэрхийлэл юм” гэлээ. Нөгөө зурагт, талд эрчлэн хуйлрах цоохор тахийн сүрэг хүн сүрэгтэй сүлэлдэж бид ялгаагүй адгуусан шинж чанартайг сөхөн сануулна. Зурагт ойртоод харвал хүн, олон амьтдыг хоёр хэмжээст дэлгэмэл хавтгайд дүүргэж, оньсолжээ. Асуултын хариуг бүтээлүүдийг нь үзсэн хэнбугайч хэлж, тааж, бүр шуудхан нэр оноож болно. Эл эрхийг үзэгчиддээ өгсөн нь зураачийн тэднийг хүндлэх хүндлэл юм. Ийм л жир бус хэдэн зуун бүтээл нь түүнийг европынхонд тоогдохоос аргагүйд хүргэжээ.

“Монголын нууц товчоо”-ны дүр бүхэн зурагт буужээ

“ОТГО Ретроспектив 1998-2018” дунд нэгэн содон хар, цагаан зураг багтсан байв. “Монголын нууц товчоо”-г комик болгосон бүтээл. Э.Отгонбаяр зураач энэхүү ажлаа онцгойлон тайлбарласан бөгөөд ийн хуучилсан юм.

-Үг гэдэг их хүчтэй, утга учиртай. Нууц товчоог зурагт буулгахдаа тэнд бичсэн үгэнд машид анхаарч, зөвхөн үгэнд л зориулж зурж байлаа. Тухайлбал, Батцагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал гэж байгаа юм. Цор ганц дурсагдах энэ нэрсийн дагуу ажиллахаас өөр аргагүй. Уужим буурал гэхэд л өндөр насалсан хүн байна. Өөрийн нэр Уужим байгаад “буурал” хоч авсан байх нь гэх мэтээр бодож, төсөөлж ажилласан. Өөрөөр хэлбэл, үгийн хүч нь нүдэнд бууж, түүнийг зураг болгосон юм. Мөн зурахаасаа өмнө тухайн дүрийн нэрийг амандаа дахин, дахин хэлнэ. Заримдаа бүр дотор нь орчихно. Уран бүтээлдээ хэт шунахаар дүрүүдтэйгээ ч уулзана.

Комикийг зурахад “Нууц товчоо”-ноос өөр судалгааны материал надад бараг байсангүй. Тиймдээ ч их хугацаа шаардсан. Энэ бүтээлээ анх эхлэхдээ 14-15 жил зарцуулах болов уу гэж бодсон боловч 20 жил (1998-2018) боллоо. Одоо ч гараас бүрэн гараагүй байна. Гар зураг маань дууссан ч дижитал хэлбэрт буулгах, номын эх бэлтгэх ажил үлдээд байгаа. Энд нэг зүйлийг онцлох нь зүйтэй. Нууц товчооны 3000 гаруй комик зургийг Цэндийн Дамдинсүрэн гуайн бичсэн хувилбараас буулгасан юм. Уран яруу хэллэг, халилтай бичигдсэн байдаг нь надад илүүтэй таалагдсан. Мэдээж энэ шинэ үед Нууц товчооны шилмэл эх олон гарч, судалгааны бүтээлүүд ч цөөнгүй болж. Энэ нь үнэхээр сайшаалтай зүйл. Судлаач мэргэддээ ч чухал. Гэхдээ миний сонирхол болоод хүмүүст илүү ойлгомжтой буух боломжтой нь Цэндийн Дамдинсүрэн гуайн бүтээл байлаа. “Монголын нууц товчоо”-г судалдаг орчин үеийн судлаачид Дамдинсүрэн гуайн бүтээл хэт уран сайханжсан, бодит байдлаас хол гэж ярьдаг. Гэвч яруу найргийн хэл нь уран зургийн хэллэгт буухдаа илүүтэй зохицох юм. Энэ утгаараа миний сонирхолд энэ бүтээл яг таг нийцсэн. 

Нөгөө талаас ‘Монголын нууц товчоо”-г ойлгохын тулд олон удаа унших хэрэгтэй гэж манайхан ярьдаг. Бид өөрсдөө ойлгоход ийм хэцүү байхад хэчнээн харь хэлнээ орчуулаад ч гаднынхан бас л ойлгоход төвөгтэй. Тиймээс Монголын түүх болон уран зохиолын хосгүй үнэт энэ бүтээлийг шинэ үеийхэнд илүү ойлгомжтой, сонирхолтой болгох үүднээс зургийн аргаар илэрхийлж болно. Дүрслэлийг ойлгоход нас хүйс, яс үндэстний ялгаа хамаарахгүй нь гайхалтай.

Комик  номондоо дайн дажин, аллага хядлага, уур хилэн, цус, догшин ширүүн байдлыг ил тод дүрслэхийг хичээгээгүй, түүний оронд угсаатан зүй, Монголын түүх, ёс заншил болон соёл урлагийг эерэг талаас нь таниулахад гол анхаарлаа хандуулсан. Учир нь комик номыг олон улсад бүх насны хүмүүс сонирхож үздэг төдийгүй  тэр дундаас залуу үеийнхэн цуглуулах нь их.

Комик маань 624 хуудас бүхий 3000 орчим хэсэгчилсэн зурагтай. Мэдээж одоо цагт энэ төрлийн зургийг компьютероор зурдаг болсон. Харин миний хувьд уламжлалаа хадгалах, залуу үеийхэндээ монгол зургийн арга барилыг таниулах зорилго агуулж бүх зургийг гараараа зурсан гэсэн юм.

Юутай ч тун удахгүй Э.Отгон­баяр зураачийн бүтээл цогц болж, “Монголын нууц товчоо” төрхөө өөрчлөн уншигч бидний гарт ирэх нь гарцаагүй боллоо.  

Бүтээлийн үнэ 38 мянган евро

“ОТГО Ретроспектив 1998-2018” үзэсгэлэнгийн 20 бүтээлээс гурав нь зураачийн хувийн цуглуулгад үлдэх бол үлдсэнийг нь 3.2- 38 мянган еврогоор худалдахаар төлөвлөсөн аж. Магад энэ цаг үед түүний бүтээлийг авч чадвал ирэх зуунуудад үнэт өв болж үлдэх нь дамжиггүй. Учир нь зураач, судлаач С.Чулуунцэцэг. “Отгонбаяр зураачийн бүтээл, зураачийн үүрэг хариуцлагыг бусдаас нэхэн шаарддагаараа онцлог. Жишээ нь, “Антрактидын панорама” хэмээх том бүтээл нь одоо болоод ойрын ирээдүйг бодитой зөгнөсөн, дэлхийн хэмжээний аюулын харангыг дэлдэж чадсан юм. Бүх нийтийн эрх ашиг хөндөгдсөн, агуулгын хувьд асар далайцтай цар хүрээ бүхий томоохон хэмжээний даяар шинжийг агуулсан, “ДАЯАР” бүтээл болж чадсан. Түүний бүтээлээс өнгөрсөн болоод ирээдүй цагийн дам учиг холбоос, орон зайн асар ойр ба асар холын чиг баримжаа нэвт шувт мэдрэгддэг билээ” гэжээ.

Мөн Германы “Kunshalle Mannheim” музейн захирал Ульрике Лоренц Э.Отгонбаяр зураачийн “Цагаан” үзэсгэлэнг (2015 он) үзээд “Бид байгаль дэлхийг харуулсан зургуудын дунд зогсож байна. Харийн боловч ямар нэгэн сонин мэдрэмжээр танил ч юм шиг ертөнц бидний нүдэнд тусна. Олон удаа давхцах өнгөт зурвасууд. Өнөө үетэй огт холбоогүй, маш ухаалаг график, комикстэй төсөөтэй дүрслэл байх юм” гэсэн.

1981 онд Эршүү гуайн найман хүүхдийн зургаа дахь хүү болж төрсөн Отгонбаяр өдгөө Герман улсад авьяас чадвараа бишрүүлээд зогсохгүй өөрийн  үүсгэн байгуулсан “Зураг” галерейдаа өрнө, дорныг уулзуулж, монгол соёлоо түгээж явна. Ийм хүү төрүүлж өсгөсөн ижий аавын магнай тэнүүн, амгалан, бахдам байдаг нь гарцаагүй.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet