ХЭРЭГ ЗӨРЧИЛ

ЗХЖШ-ын алба хаагчид авлигын хэргээр ял сонсов

Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүж, шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс ЗХЖШ-ын ажилтан Б.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа болон авлигын хэрэгт нь оролцсон Н.Лхамсүрэн, Т.Болормаа, О.Алтанхундага, С.Болдбаатарыг буруутай хэмээн ял оноов.

Тодруулбал, шүүгдэгч Б.Дуламсүрэнг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан авлигын гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, 20 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. ЗХЖШ-ын ажилтан С.Базаррагчаа нь энхийг сахиулагчдыг дархлаажуулахдаа Б.Дуламсүрэнгийн гуйлтын дагуу урьдчилан амлаж, санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн байна. С.Базаррагчаагийн нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 16 сая төгрөгөөр торгох ял ногдуулав. Төрийн албан хаагч Д.Сарантуяа мөн 16 сая төгрөг төлөх бөгөөд төрийн албанд хоёр жил ажиллахгүй. Харин шүүгдэгч Н.Лхамсүрэн, О.Алтанхундага, Т.Болормаа, С.Болдбаатар нарыг авлигын хэрэгт буруутайд тооцож, торгох ял оноов. Н.Лхамсүрэн 11.4 сая, О.Алтанхундага 11.4 сая, Т.Болормаа 10.8 сая, С.Болдбаатар 11.4 сая төгрөгөөр торгуулав. Хэргийг эргэн сануулахад, нэр бүхий албан тушаалтнууд Умард Атлантын гэрээний байгууллага НАТО-гийн цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүрэлдэхүүнийг дархлаажуулах ажлыг зохион байгуулахдаа хөрөнгө завшсан гэдэг.

АТГ-аас эл хэрэгт холбогдуулан ЗХЖШ-ын ажилтан Б.Дуламсүрэн, Д.Сарантуяа, С.Базаррагчаа болон Н.Лхамсүрэн, Т.Болормаа, О.Алтанхундага, С.Болдбаатар нарыг шалгажээ. НПГ-аас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.7-1, 18.6-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм. Нэр бүхий дээрх албан тушаалтнууд 2010- 2017 онд энхийг сахиулагчдын дархлаажуулалтын ажил зохион байгуулахдаа ХӨСҮТ-өөс хоосон нэхэмжлэл авч цэргийн бүрэлдэхүүний тоо, вакцины төрөл, төлбөрийн дүнгийн талаарх материалыг хуурамчаар бүрдүүлсэн гэх. Улмаар үйл ажиллагаа нь зогссон болон урьдчилан тохирсон 5-6 компанийн дансаар дамжуулан багагүй хэмжээний мөнгийг хувьдаа авсан аж.

Өөрөөр хэлбэл, вакцины төлбөрийг Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлдэг байсан гэнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet