ДЭЛХИЙН МЭДЭЭ

2020 онд дэлхийн хэмжээнд 50 сэтгүүлч амиа алджээ

Өнгөрч буй 2020 онд дэлхий даяар 50 сэтгүүлч ажлаа хийж яваад амиа алджээ. Тэдний 84 хувь нь бусдын гарт амиа алдсан бөгөөд заримынх нь амийг онц хэрцгийгээр хөнөөсөн тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллагаас гаргасан тайланд онцолсон байна. Тэр дундаа тайван, зэвсэгт мөргөлдөөн төдий л гардаггүй орнуудад сэтгүүлч, сурвалжлагч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд олноор нас барсан аж. Тухайлбал, Мексикт найм, Энэтхэгт дөрөв, Филиппинд гурав, Гондураст гурван сурвалжлагч нас барсан бол дайн, зэвсэгт мөргөлдөөн болсон бүсэд 16 сэтгүүлчийн амь эрсэджээ.

Сэтгүүлчдийн амь насанд хамгийн халтай орноор Ирак, Пакистан, Афганистан “тодорч” буй агаад Иранд сүүлийн 30 жилд анх удаа сэтгүүлчийг цаазаар авсан тохиолдол гарсан аж.

Амь үрэгдсэн сэтгүүлчдийн 10 нь авлига, улсын хөрөнгө идэж завшсан, эрх мэдлээ хэтрүүлсэн эрх мэдэлтнүүд, албан тушаалтнуудын талаар хэвлэн нийтэлж байв. Мөн Ирак, Нигери, Колумбад олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөн, жагсаал цуглааныг сурвалжлан мэдээлсэн сэтгүүлчид нас баржээ.

Энэ оны байдлаар  387 сэтгүүлч, сурвалжлагчийг шоронд хорьсон нь өнгөрсөн оныхоос 35 хувиар өссөн үзүүлэлт аж.  

Тэр дундаас хамгийн олон тохиолдол БНХАУ, Саудын Араб, Вьетнам, Египет, Сири, Беларусьт ногдож буй. Коронавирусийн халдвар, цар тахлын үед улс орнуудын удирдагч, эрх баригчид хэрхэн ажиллаж байгааг шүүмжилсэн, халдварын нөхцөл байдал үнэн хэрэгтээ ямар байгааг мэдээлснийхээ төлөө байцаагдсан, хоригдсон сэтгүүлчид тэдний дунд чамгүй хувийг эзэлж байгааг тус тайлангаас харж болох нь.

Мөн коронавирусийн халдвараар гурван сэтгүүлч амиа алдсан бол хэвлэл мэдээллийн байгууллагын 54 ажилтан хулгайлагдсанаас дөрөв нь ор сураггүй болжээ.

Эх сурвалж: RSF

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet