ДЭЛХИЙН МЭДЭЭ

Ерөнхий сайдаа огцрохыг шаардсан Ереваны жагсагчдыг баривчлав

Арменийн нийслэл Ереван хотын төв Баграмяны өргөн чөлөөнд Ерөнхий сайд Никол Пашиняныг огцрохыг шаардсан жагсаал болжээ. Жагсаалд сөрөг хүчнийхнээс гадна энгийн иргэд ч оролцсон бөгөөд олон нийтийн хэв журам зөрчсөн хэд хэдэн хүнийг хууль сахиулагчид баривчилсан байна.

Уулын Карабахын зөрчилд цэг тавьж, энхийн хэлэлцээр байгуулсан ч арменичуудын эрх ашгийг хамгаалаагүй гэж Ерөнхий сайдыг огцруулахыг шаардсан жагсаал өмнө нь ч болсон билээ. Үүний зэрэгцээ сөрөг хүчнийхэн Сайд нарын танхимыг огцруулж, Засгийн газрын тэргүүнээр Вазген Манукяныг томилохыг шаардаж буй юм.

Өвөр Кавказад олон жил үргэлжилсэн мөргөлдөөн өнгөрсөн есдүгээр сард дахин сэдэрч, Уулын Карабахт энгийн иргэдийн амь нас эрсэдсэн. Зөрчлийг намжаахын тулд Армени, Азербейжан, Карабахын талууд Оросын зуучилснаар хэлэлцээр хийж галаа зогсоосон бөгөөд ингэхдээ талууд амь үрэгдэгсдийн цогцсыг солилцохоор тохиролцож, Кельбажар, Лачинск, Агдамын дүүргийг Ереван Бакугийн мэдэлд шилжүүлжээ. Хэрэв ингээгүй бол Уулын Карабахыг бүхэлд нь Азербейжанд алдах байсан гэж Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян онцолж байсан ч иргэд, сөрөг хүчнийхэн үүнийг эсэргүүцэж, Засгийн газрыг огцруулахыг шаардсан хөдөлгөөн өрнөсөн аж.

Эх сурвалж: “Новости” агентлаг

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet