ДЭЛХИЙН МЭДЭЭ

Их Британи Европын холбоотой тохиролцоонд хүрэв

Багагүй хугацаанд Европын холбоотой хэлэлцсэн Их Британи “Brexit”-ийн асуудлаар Брюссельтэй тохиролцоонд хүрч чадсанаа мэдэгдлээ. Европын холбооноос хоёрдугаар сарын 1-нээс гарсан Их Британи он дуусахаас өмнө шилжилтийн үеийн тодорхой асуудлуудаар тохиролцох шаардлагатай байсан юм. Брюсселиэс бүрмөсөн туурга тусгаарлахын тулд Лондон хэсэг хугацаанд худалдаа болон бусад салбарт Европын холбооны хууль дүрмээр явж, энэхүү шилжилтийн хугацаа дууссаны дараа дахин тохиролцохоор зорьсон билээ.

Их Британийн Засгийн газрын тэргүүн Борис Жонсон, Еврокомиссын тэргүүн Урсула фон Ляйен нар худалдаа, эрчим хүч, загас агнуур, аюулгүй байдлын салбарт  цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцсон байна. “2016 оны бүх нийтийн санал асуулгаар британичуудад өгсөн амлалт бүгд биелэх боломжтой болсон” хэмээн Лондон мэдэгдэж буй юм. Тухайлбал, зөвхөн 2019 оны байдлаар худалдааны эргэлт нь 668 тэрбум фунтээр хэмжигдэж байсан хоёр тал ирэх оноос эхлэн Дэлхийн худалдааны байгууллагын журмаар татвар, квоттойгоор худалдаа эрхэлсэн бол аль алинд нь ихээхэн хохиролтой байх байв.

Хэлэлцээрийг ойрын хугацаанд нарийвчлан тодотгож, Их Британийн Засгийн газар, Европын холбоо эцэслэн батлах бөгөөд шинэ оноос хэрэгжиж эхэлнэ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet