ДЭЛХИЙН МЭДЭЭ

Эрүүл мэндийн салбарын тэрбумтнууд “Форбес”-ын жагсаалтад багтлаа

Өнгөрч буй 2020 онд эрүүл мэнд, эм үйлдвэрлэл, биотехнологийн салбараас тэрбумтнууд төрөн гарсныг “Форбес” сэтгүүл онцолжээ. Цар тахлын нөлөөгөөр энэ салбарт ашиг орлого олсон хүн цөөнгүй, мөн компаниудын хувьцаа ч чамгүй өссөн байна. Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин гаргаж буй компаниудын хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө эрс өссөн аж.

“Форбес” сэтгүүлээс гаргасан эрүүл мэнд, эм үйлдвэрлэл, биотехнологийн салбарын тэрбумтнуудын жагсаалт цаашид ч нэмэгдэж, тэд ирээдүйн Стив Жобс, Билл Гейтс шиг дэлхийн хамгийн баян хүмүүс болно гэсэн таамгийг ч ажиглагчид дэвшүүлжээ.

Тэрбумтнуудын жагсаалтыг ХБНГУ-ын дархлаа судлаач, эмч Угур Шахин 4.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр тэргүүлж буй. Турк гаралтай эмч Угур Шахин 12 жилийн тэртээ “BioNTech” компанийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ онд Америкийн “Pfizer” корпорацтай хамтран коронавирусийн вакциныг гарган авчээ. Одоогоор АНУ, Их Британи зэрэг улсад вакцинаа нийлүүлээд буй тус компани Европын холбоо, Япон, Канадад бүтээгдэхүүнээ худалдах гэрээ байгуулсан. Угур Шахин “BioNTech” хувьцааны 17 хувийг эзэмшдэг.

Түүнээс гадна Америкийн “Moderna” компанийн тэргүүн Стефан Бансель 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр “Форбес”-ын жагсаалтад багтлаа. Тус компанийн бүтээсэн коронавирусийн вакциныг АНУ 200 сая тун, Европын холбоо 80 сая тунгаар захиалсан байна. Франц гаралтай Стефан Бансель компанийнхаа хувьцааны зургаан хувийг эзэмшдэг бөгөөд оны эхнээс өнөөг хүртэл хувьцааных нь үнэ 6.5 дахин өссөн аж.

“Форбес”-ын жагсаалтад багтсан өөр нэгэн эрхэм бол хятад гаралтай, Канадын иргэн Юань Липинь юм. БНХАУ-ын вакцин үйлдвэрлэгч “Shenzhen Kangtai Biological Products” компанийн хувьцааны 24 хувийг эзэмшигч тэрбээр 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Оксфордын их сургуулийн “AstraZeneca” вакциныг БНХАУ-д үйлдвэрлэж буй цор ганц компани бол “Shenzhen Kangtai Biological Products” бөгөөд энэ онд хувьцаа нь 90 хүртэлх хувиар өссөн байна.

Эх сурвалж: Форбес

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet