ДЭЛХИЙН МЭДЭЭ

Маргарет Тэтчерийг шилдгээр нэрлэв

Их Британийн өнөөгийн нөхцөл байдалд, өөрөөр хэлбэл  Европын холбооноос гарсан, цар тахал дэлгэрсэн зэрэг хүнд нөхцөлд хамгийн оновчтой шийдвэр гаргаж, улс орноо удирдах Ерөнхий сайд хэн байж болох талаар санал асуулга явуулжээ. “Daily Mail” сонины захиалгаар “JL Partners” компанийн явуулсан энэхүү санал асуулгад энэ сарын 18-20-ны хооронд 2020 иргэн онлайнаар оролцож, 1976 оноос хойш тус улсын Засгийн газрыг тэргүүлсэн хүмүүсээс хэн нь  2020 оны нөхцөлд ард олноо хамгийн сайн удирдах байсныг тодруулав.

“Төмөр хатагтай” Маргарет Тетчерийг санал асуулгад оролцсон хүмүүсийн 32 хувь нь “хямралын үеийн удирдагч” гэж үнэлсэн бол лейборист Тони Блэрийг оролцогчдын 11 хувь нь дэмжжээ. Харин Гордон Браун зургаан хувь, Дэвид Кэмерон тав, Гарольд Уилсон гурван хувийн санал авсан байна.

“Daily Mail” сонинд онцолж буйгаар, 1979-1990 онд Засгийн газрыг тэргүүлж байхдаа шотландчуудын дунд нэр хүнд тааруу байсан Маргарет Тэтчерийг тэд одоогийн нөхцөлд хамгийн шилдэг удирдагч байх байсан гэж үзжээ.

Ташрамд, сүүлийн хэдэн өдрийн турш Их Британи Европын холбоотой худалдааны хэлэлцээр хийж байгаа бөгөөд мөн тус улсад коронавирусийн шинэ төрөл илэрч, 16 сая хүнийг хатуу хөл хорионд оруулаад байна. Түүнээс гадна улс орнууд Их Британитай агаарын хилээ хаасан зэрэг хүнд хэцүү нөхцөл үүсээд байгаа юм.

Эх сурвалж: Daily Mail

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet