ШИНЭ НОМ

ШИНЭ НОМ: Сонголттой уншигч болохыг хүссэн хүний сонгох эхний ном

Залуу сэтгүүлч, найрагч Б.Алтанхуягийн “Уншихуйд автахуй” нэртэй шинэхэн бүтээл (зохиогчийн найм дахь бүтээл) уншигчдын гарт хүрч эхэллээ. Номын өмнөтгөлд зохиолч, яруу найрагч Я.Баяраа “Сонголттой уншигч болохыг хүссэн хүний сонгох эхний ном” гэж тодотгосон нь дээрх бүтээл хэр өгөөжтэйг харуулна.

Түүнчлэн зохиолч Г.Аюурзана өөрийн цахим хуудаст “Шуудангийн хайрцагт минь “Уншихуйд автахуй” хэмээх ном намайг хүлээж байв. “Гэмтэн” нь Б.Алтанхуяг. Бүтцийн хувьд өмнө нь У.Бямбанямын гаргасан “Цаг хугацаа хэлнэ”-тэй төстэй бололтой. Эдгээр залуус уншигчийн байр сууринаас, ямар ч судлаачийг дагуулахгүй эрэл хайгуултай, олзуурхам дэврүүн сэтгэл шингэсэн бичвэрүүдээ ийнхүү ном болгон гаргаж буй нь өнөөдрийн бидний нийгэмд тусч буй гэрэл гэгээ юм. Учир нь уншиж чадна гэдэг л уран зохиолд хамгийн гол зүйл. Гарчгийг харваас, “Дурлал зохион бүтээгч” түүвэр гарсны дараа хаана ч билээ нийтлэгдсэн “Зөн бэлгэ үзүүлэгч зүүднүүд” багтжээ. Их сайн тэмдэглэл байсан шүү. Юутай ч миний өгүүллэгүүдийн тухайд л лав Алтанхуяг шиг тийм гярхай, урнаар харж бичсэн судлаач өнөө хэр өөр таараагүй тул, уншигчийн хувьд энэ залуу тун чамбай санагдаж билээ. Бусад зохиолчдын талаар ч баялаг, ухаалаг бичвэр дүүрэн биз ээ гэдэгт үл эргэлзэн, завчилж унших номуудынхаа дотор нөөцөлчихье өө” гэж нийтэлжээ.

No photo description available.

“Уншихуйд автахуй” нийт зургаан бүлэгтэй бөгөөд яг одоо ид бичиж, бүтээн туурвиж байгаа гадаад, дотоодын уран бүтээлч, зохиолчдын зохиолд хийсэн задлал, уран сайхны бичвэрүүд багтсанаараа онцлог. Номын ерөнхий редактороор Я.Баяраа, техник редактороор Б.Ханджамц, дизайнер, зураачаар С.Батжаргал ажиллаж, хавтасны арын гэрэл зургийг Мө.Баятбаяр авч, “Монсудар” хэвлэлийн газар хэвлэн нийтэлжээ.

БҮЛГҮҮД:

  • НЭГДҮГЭЭР БҮЛЭГ: Миний таних илбэчид
  • ХОЁРДУГААР БҮЛЭГ: Бийр гарзаддаггүй дуучид
  • ГУРАВДУГААР БҮЛЭГ: Хэзээд үл давтагдахын хүслэн ба тэд
  • ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ: Тэрслүү ганцаардагчид буюу үндэстний баатрууд
  • ТАВДУГААР БҮЛЭГ: Илэрхийлж болно, болохгүй…
  • ЗУРГААДУГААР БҮЛЭГ: Уншихуйд автахуй

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet