СЭТГҮҮЛ ЗҮЙ

Хэвлэлийн эрх чөлөөний төлөө ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛийг байгууллаа

Гэрэл зургийг MPA.mn

Хэвлэл мэдээллийн салбарт үйл ажиллагаа явуулж буй эвлэл, холбоод нэгдэж, Хэвлэлийн эрх чөлөөний төлөө Үндэсний түр зөвлөлийг байгууллаа. Тус зөвлөл нь Хэвлэлийн эрх чөлөөг хангах, хамгаалах, баталгаажуулах үндсэн чиглэлээр ажиллах бөгөөд Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг батлах хүртэл үндэсний хэмжээний зөвшилцлийн үйл ажиллагаа явуулах юм байна. 

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.14 дэх хэсэгт хэвлэл мэдээллийн салбарынхан төдийгүй иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хумисан, ялын бодлогыг чангаруулах замаар хэвлэн нийтлэх эрх чөлөөг хааж боох агуулгатай өөрчлөлтийг ХЗДХ-ийн яамнаас санаачлаад байгаа. Үүнтэй зэрэгцэн Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрийн оролцоотойгоор хэвлэлийн эрх чөлөөг хяналтдаа авах зохицуулалт оруулах гэж байгаа нь сэтгүүлзүйн салбарын эсэргүүцэлтэй тулгараад байна. 

Өөрөөр хэлбэл, эрх баригчид, хууль санаачлагчид Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг далайлган, айлгах, хэвлэлийн эрх чөлөөг төрийн хяналттай болгох гэсэн санаархлыг эрс эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн салбарынхан анх удаа өөрсдийн эрх ашгийг хөндсөн асуудалд өргөн бүрэлдэхүүнтэй нэгдэж байгаа юм байна. 

Үндэсний зөвлөлд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөл, Монголын хэвлэлийн хүрээлэн, Монголын телевизүүдийн холбоо, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын сайтын холбоо, Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Монголын гэрэл зурагчдын холбоо,  Хангарди Улаанбаатарын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб, Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Эв нэгдэл төв зэрэг 21 эвлэл, холбоо одоогийн байдлаар нэгдэн дэмжээд байна.  

Эх сурвалж: МСНЭ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet