newswire

АНУ-аас Монголд хандивласан амьсгалын 50 аппарат ирлээ

Коронавирусний халдвартай тэмцэхэд туслахад зориулан АНУ-аас амьсгалын 50 ширхэг аппарат хандивласан нь Монголд өчигдөр шөнө иржээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 7-нд төрөлжсөн төв эмнэлгүүд болон дүүргүүдэд нэмэлтээр амьсгалын 175 аппарат гардуулах үеэр, “Цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллуулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх эмнэлгийн эрчимт эмчилгээний тасгийг амьсгалын аппаратаар хангаж байгаа. Энэ хүрээнд Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн банкнаас 400, ДЭМБ-аас 125, АНУ-аас амьсгалын 50 аппарат авч байгаа. Мөн Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн амьсгалын аппаратын тоог нэмээд байна. Удахгүй аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппаратыг нэмж хуваарилан өгнө” хэмээв.

Түүнчлэн тэрбээр, ХӨСҮТ-д коронавирусний эмчилгээнд зориулсан 23 аппарат байна. Мөн ЦНТЭ-т 12 аппарат суурилуулсан. Яармагийн 300 ортой эмнэлэгт 50 амьсгалын аппарат бий. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор 50 аппарат суурилуулсан. Үүнээс гадна 20 зөөврийн аппарат ашиглахад бэлэн. Нийт ашиглахад бэлэн 180 орчим аппарат бий гэдгийг хэлсэн юм.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet