НИЙГЭМ

Үлгэр жишээ хөгжимгүй төр, цэргийн ёслол гэж үгүй

ДУРСАХУЙ

Дайны хүнд жилүүд, энх цагийн бүтээн байгуулалт, хөдөлмөрийн фронтод эр цэрэг, эгэл олонтойгоо хамт яруухан хөгжмийн цоглог аялгуугаар ялалт, амжилтад зоригжуулж ирсэн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим 70 нас хүрч байна. 1950 онд Монголд Төрийн ёслол, хүндэтгэлийн цэргийн үлээвэр хөгжим байгуулагдаж өнөөгийн ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болтлоо хөгжин бэхэжжээ. Мөн дэлхийн 150 гаруй орны төрийн дууллыг эгшиглүүлж, жилдээ олон арван улсын төрийн тэргүүн, элчин сайдуудыг хүлээн авч, төр, цэргийн хүндэтгэл, ёслолын арга хэмжээнд амжилттай оролцон Монголын үлээвэр найрал хөгжимчдийн ур чадварыг дэлхий дахинд сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэсээр байна.Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим байгуулагдсанаар Монголын анхны мэргэжлийн хөгжим бий болсон бөгөөд энэ нь Зэвсэгт хүчний нэгэн тод бахархал юм.Бахархам түүх, байгуулсан гавьяагаа нэр хүндтэй залгамжилж яваа өнөөгийн ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн түүхт 70 жилийнхээ ойн хүрээнд хийж бүтээсэн ажил арвин ихтэй байна. Бүгдийг дэс дараатай эхэлсэн тэдний бүтээн байгуулалт болон оюуны хөрөнгө оруулалт нь өнөөгийн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийг “төрөл арилжсан” мэт болгосон нь нүднээ илт харагдана. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын хөрөнгө оруулалтаар тэд уран бүтээл туурвихад яг цав нийцсэн тав тухтай танхим, өрөө тасалгааны засвар, тохижилтыг хийж, хөгжмийн зэмсгээ 100 хувь бүрэн шинэчилсэн зэрэг амжилттайгаар 2020 оноо угтаж байсан бөгөөд тэр бүгдийнхээ ид шидийг гарахуйц уран бүтээлийн чанарт анхаарч, ахиц гаргасан жил болжээ.Цаг үеийн нөхцөл байдал ч мөн үүнд нөлөөлсөн бөгөөд тэд үүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж, хэрэгжүүлж чадсан талаар Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүх хэдэнтээ дурдаж байсан. Ур чадвартай, мэргэжлийн байх нь хөгжимчний амин сүнс гэдгийг байнга сануулж, түүндээ хүрч ажиллахад удирдлагын зүгээс анхаарч, ажил хэрэгчээр ханддаг талаар мөн дурдсан юм. Үүнээс гадна тэд түүхт 70 жилийнхээ ойн хүрээнд хэд хэдэн томоохон оюуны бүтээлийг туурвижээ. Тухайлбал, Цэргийн хөгжмийн түүхийг харуулсан баримтат киног бүтээсэн бөгөөд хөл хорио тавигдахаар 70 жилийнхээ ойн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөжээ. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамгийн том илэрхийлэл болсон уран бүтээл нь марш. Тийм ч учраас тус байгууллагын уран бүтээлчид маршийг судалж, үнэт өв болгон хадгалах үүднээс цомгийг бүтээгээд байгаа ажээ. “Монгол марш” нэртэй тус цомог нь Монголын хөгжмийн урлагт маршийнх гэдгээрээ анхдагч болоод зогсохгүй дотроо 10 CD, 80 орчим маршийн аязыг багтааснаараа томоохонд тооцогдоно. Сонирхуулахад, нийтийн хүртээл болсон 500 гаруй марш байдаг ажээ.Ирэх 2021 он ҮЖҮНХ-ийнхний хувьд уран бүтээлийн чансааг сорьсон, хэрхэн ахисан, чанаржсаныг илтгэн харуулах жил болох нь дамжиггүй. Учир нь Зэвсэгт хүчний 100, БХЯ-ны 110 жилийн түүхт ойнуудын хүрээнд “Алтан бүрээ” цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулах аж. Тус тоглолтод ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үлээвэр найрал хөгжимчид хамтран оролцох бөгөөд ойролцоогоор 300 гаруй хөгжимчин оролцуулахаар төлөвлөжээ.Гадаад хамтын ажиллагааны хүрээнд ҮЖҮНХ-ийн уран бүтээлчид олон улсын тэмцээн, уралдаануудад амжилттай оролцож байсан багагүй туршлагатай бөгөөд 2019, 2020 онд цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн түр азнаад байна. Гэсэн хэдий ч цаг сайхан болсон үед олон улсын шинж чанартай арга хэмжээнүүдэд уламжлал ёсоор оролцохоос гадна эх орондоо олон улсын цэргийн хөгжимчдийг оролцуулсан наадмыг зохион байгуулах хэтийн биш зорилго ч тэдний төлөвлөгөөнд байгаа талаар энэ үеэр сонирхуулсан юм.Дараагийн дугаарт Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн үе үеийн ахмадуудтай хамтран зурган цомог хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь ихээхэн үр дүнтэй ажил болох юм. Учир нь үлгэр жишээ хөгжимгүй төр, цэргийн ёслол гэж үгүй тул тэднийхний үүх түүх, бахархал энд дэлгэгдэх нь зүйн хэрэг юм.

ӨРСӨЛДӨӨН ДУНД УРАН БҮТЭЭЛ ЧАНГАРДАГ

Уран бүтээлч хүмүүсийн өсөн дэвших бас нэг хэлбэр нь уралдаан тэмцээнд тогтмол оролцож, өөрсдийгөө болон хамтран зүтгэгчдээ хурцлах, илүү ихийг хийж бүтээхэд урин дуудах явдал байдаг. Үүнийг ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн нутагшуулах үүднээс төрөл мэргэжлийн уралдаан тэмцээнүүдийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Түүхт 70 жилийнхээ ойн хүрээнд энэ удаад “Бүжгийн хөгжмийн найруулга” уралдааныг анх удаа зохион байгуулжээ. Уралдаанд нийт 11 уран бүтээлч оролцож, 14 бүтээл ирүүлсэн байна. Тус уралдааны онцлог, ач холбогдлын талаар ЗХЖШ-ын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн ахлагч, сургагч ахлагч П.Баттогтох “Энэхүү уралдаанд оролцогч нь ямар нэг аяыг өөрсдийн мэдрэмжээр найрал хөгжимтэй хоршуулан үзэгчдийн хүртээл болгох юм. Тухайн хүнээс хөгжмийн зэмсгийн өндөр мэдлэг шаарддаг учир ур чадвар нь ямар түвшинд байгааг нь харж болно. Мөн тухайн тэмцээнд оролцохын тулд өөрсдийн ур чадварыг нэмэгдүүлэх талаар ихээхэн ахиц гаргасан үр дүн харагддаг. Тиймээс энэ төрлийн уралдаан тэмцээнд бүх бие бүрэлдэхүүнийг оролцуулахыг илүүд үзэхийн зэрэгцээ ижил төрлийн уралдаан тэмцээнийг өндөр хэмжээнд, чанартай зохион байгуулахыг эрмэлздэг” гэлээ. Мөн ирэх жил түүхт ойнуудын хүрээнд зохион байгуулах тэмцээн уралдаануудад Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхэн болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хөгжимчид эрчимтэй бэлтгэж эхэлжээ. Үүнээс гадна Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дийлэнх хувийг эзэлж байгаа ахлагчдынхаа бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл чийрэг байлгах ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа талаар энэ үеэр мэдээлэл өгсөн юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХОЁР АНГИ ХӨГЖМИЙН САЛААТАЙ БОЛСОН

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн хөгжимчдийн ур чадвар чанаржиж байгаа талаар дээр хэдэнтээ дурдсан. Тэгвэл энэхүү оюуны хөрөнгө оруулалтаас гадна Зэвсэгт хүчний 331, 234 дүгээр ангиудыг хөгжмийн зэмсгээр хангаж, хөгжмийн салааг бүрэн бүрэлдэхүүнтэйгээр томилгоожуулсан нэгэн чухал ажлыг энд дурдах учиртай. ҮБХИС-ийн Хөгжмийн сургуулийн төгсөгчид хүрэлцээтэй байж чаддаггүйн улмаас энэ удаад орон нутгийн иргэдээс сонгон шалгаруулж, зохих сургалт, хичээлүүдэд хамруулснаар өнөөдөр тэд ангидаа үүргээ гүйцэтгэж эхэлсэн байна. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим нь урт хугацааны дадлага, мэргэжил, ур чадвар шаарддаг ч өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан тэдгээр хөгжимчдийг бэлтгэсэн бөгөөд одоо ч сургалт нь үргэлжилж байгаа талаар Цэргийн хөгжмийн албаны уран бүтээл эрхэлсэн офицер, хошууч Б.Цэнгэл дурдаж байлаа.Түүнчлэн энэхүү хөл хорионы үед Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын хөгжимчид нэгдсэн удирдлагаар дадлага болон онолын хичээлүүдэд цахимаар тогтмол хамрагдаж байгаа бөгөөд энэ нь ирэх жилийн “Алтан бүрээ” тоглолтын бэлтгэл гэж хэлж болох юм. Мөн сүүлийн жилүүдэд төр, цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд ҮЖҮНХ-ийн хөгжимчид гэлтгүй Зэвсэгт хүчний цэргийн ангиудын хөгжимчдийг оролцуулж эхэлсэн бөгөөд энэ нь тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нэг түвшинд байх шаардлагад нийцүүлж буй хэлбэр юм. Г

АНЦААРЧИЛСАН СУРГАЛТ УРАН БҮТЭЭЛЧДИЙН УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА

Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн нь төрийн үндэсний, дипломат болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээс гадна тэдний зайлшгүй анхаарч, дээшлүүлэх ёстой зүйлсийн нэг нь цэргийн хэргийн мэдлэг юм. Тиймээс өдөр тутмын үйл ажиллагаандаа цэргийн сургалт бэлтгэлийг үе шаттайгаар төлөвлөн, хичээл сургалтыг тогтмол явуулж байдаг. Ангийн цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабын 2020-2021 оны цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан сургалтын хөтөлбөр, түүнд тавигдах шаардлага, стандартад нийцүүлэн боловсруулж, үндсэн бие бүрэлдэхүүн болон хүн нэг бүрийн бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэн, шинээр боловсруулагдаж гарсан нормативын эмхэтгэл, сурах бичгийн дагуу цэргийн сургалт бэлтгэл болон мэргэжлийн сургалт бэлтгэлийг зохион байгуулан явуулдаг. Ангийн удирдлагын зүгээс офицер, ахлагч нарын мэргэжил ахиулах болон дараагийн шатны сургалтуудад байнгын анхаарал хандуулж хэвшсэн бөгөөд үүний нэг илрэл нь 2020 онд Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн 20 хөгжимчин ахлагч Соёл урлагийн их сургуулийн хөгжим урлагийн ангийг бакалавр, мөн нэг хөгжимчин ахлагч магистрын зэрэгтэйгээр тус тус амжилттай сурч төгссөн явдал юм. Мөн 2021 онд тус сургуулийг 14 хөгжимчин ахлагч төгсөхөөр төлөвлөсөн ажээ. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирусийн дэгдэлтээс үүдсэн хөл хорионы хугацаанд хүн нэг бүрийн буюу ганцаарчилсан хичээлийн төлөвлөгөөг боловсруулан батлуулснаар хөтөлбөр, хуваарийн дагуу сургуулилтаа явуулж эхэлсэн юм. Энэ нь ихээхэн үр дүнгээ өгч байгаагийн дээр уран бүтээлчдийн ур чадвар нь нэг шат ахисан хэмээн сургалт, соёл хүмүүжлийн офицер, удирдаач, хошууч А.Алтансүх хэллээ.

УРЫН САНГИЙН 1000 ГАРУЙ БҮТЭЭЛИЙГ ЦАХИМЖУУЛСАН

Мөн тус байгууллагын бие бүрэлдэхүүний хийж байгаа нэг томоохон ажил нь уран бүтээлийн санг цахимжуулж буй явдал бөгөөд энэ талаарх мэдээллийг ҮЖҮНХ-ийн хөгжмийн зохиолч, найруулагч, удирдаач, ахмад Ц.Биндэръяа өглөө. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн урын санд 142 орны төрийн дуулал, дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын найрал хөгжимд зориулсан бүтээл, дуу, нийтийн бүжиг болон марш, вальс, гоцлол хөгжим, цөөхүүл хөгжмийн хамтлагт зориулсан нийт 5200 гаруй зохиол, бүтээл хадгалагддаг. Эдгээрээс одоогийн байдлаар 900 гаруй уран бүтээл байнга тоглогддог гэнэ. Тиймээс тэдгээрийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын баримт бичгийн бүрдүүлэлт, архивын тухай хууль, MNS 5140-1:2011, MNS 5140-2:2011 стандартыг мөрдлөг болгон, үндэсний болон гадаадын соёл, урлагийн ховор бүтээл, урын санд хадгалагдаж буй нот, уншвар, удирдварыг цахим хэлбэрт оруулж, тоглогдож байгаа зохиол, бүтээлийг дуу болон дүрс бичлэгээр хадгалан авч үлджээ. Мөн МҮОНРТ-ийн “Алтан сан” хөмрөгт хадгалагдаж байгаа цэргийн хөгжмийн ахмад уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид, удирдаачдын зохиол, бүтээлүүдийг авч шинэчлэн засварлаж, цахимжуулан энэхүү сангаа арвижуулжээ. Эдгээр нь тус байгууллагын түүхт 70 жилийн ойн хүрээнд хийгдэж байгаа томоохон үр бүтээлтэй ажлууд гэж хэлж болох юм. Ийнхүү түүхт 70 жилийн ойгоо угтаж байгаа ЗХЖШ-ын ҮЖҮНХ, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын үлээвэр найрал хөгжмүүд нь төрийн болон цэргийн ёслол, хүндэтгэлийн ажиллагаанд амжилттай оролцож, хөгжмийн урлагийг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залуучуудад гоо зүйн хүмүүжлийг олгоход дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ урлагаар үйлчлэх нэр төртэй эрхэм үүргээ үеийн үед, өнө мөнхөд биелүүлсээр байна.

Хошууч Д.ОЮУНГЭРЭЛ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet