COVID-19

Эрүүл мэндийн салбарын боловсон хүчний хөдөлмөрлөх эрхийн нөхцөлийн талаар хэлэлцлээ

Монголын Эмнести Интернэшнл ТББ-аас зохион байгуулсан “Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх” сэдэвт уулзалтад Хүний Эрхийн Үндэсний комиссын гишүүд оролцлоо. Цахим уулзалтад Эрүүл мэндийн яамыг төлөөлж, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах, хүний эрхийн байгууллагын төлөөлөл оролцож, улс оронд нүүрлээд шинэ коронавирусын халдвар, хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй боловсон хүчний хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ.

IMG_4825.JPG

Монголын Эмнести байгууллага ТББ-аас Ковид19-ийн үе дэх эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын эрхийн асуудлаар мониторинг хийснийг уулзалтын эхэнд тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа танилцуулж, “Эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хамгаалж, тэд айдасгүй ажлаа хийх нөхцөлөөр хангагдаж байж бид бүгд хамгаалагдана” гэсэн байр суурийг илэрхийлсэн юм. Уулзалтаар хүн хүчний нөөц, тэдгээрийн хуваарилалт, шаардлагад нийцсэн тусгаарлах байруудыг бэлтгэсэн эсэх, ялангуяа орон нутагт шийдвэрлэсэн байдал, эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний ар гэрийн нөхцөл, сэтгэл зүйн байдал, тусламж үйлчилгээ, зохицуулалт зэрэг асуудлыг хэлэлцлээ.

131230557_3803420896384200_8826403680608673560_n.jpg

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт боловсон хүчинд талархахын сацуу ХЭҮК-ын гишүүд ажлаа хүлээн авснаас хойшхи хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй холбоотой иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, Комиссоос шинэ коронавирусын шинжилгээ авах цэгүүдийн үйлчилгээ, Нийслэлийн орц, гарцуудад ажиллах үед илэрсэн зөрчил, нөхцөл байдлыг шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг сануулав. Түүнчлэн цар тахлын үеийн арга хэмжээг авахын зэрэгцээ орон нутагт алслагдмал газарт аж төрж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хүргэх асуудлыг орхигдуулахгүй байх асуудалд анхаарлаа хандуулахыг хүсэв. 

IMG_4816.JPG

ХЭҮК-ын гишүүн Д.Сүнжид эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд жигд хүртээмжтэй хүргэх, хүний эрхийн зөрчил үүсгэхгүй үүднээс хүний эрхийн байгууллагаас өгсөн зөвлөмж, саналуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх чухлыг онцлоод эмч, ажилтнуудын эрүүл мэндээ хамгаалуулах, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж болзошгүй байгаад санаа зовниж буйгаа илэрхийллээ. Эрүүл мэндийн яамны төлөөллийн зүгээс цаашид хүний эрхийн асуудлыг орхигдуулахгүй анхаарах, үүссэн хүнд нөхцлийг даван туулахад менежмэнтийн аргачлалыг авч хэрэгжүүлж байгаагаа танилцуулж, харилцаа, хандлагаас үүдэлтэй зөрчлийг арилгаж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet