COVID-19

Жолооч нарыг шинжилгээнд хилийн гадна хамруулж байна

 Гашуунсухайт боомтод жолооч нарыг автобусаар хил нэвтрүүлж PCR шинжилгээ өгүүлж байна. Энэ талаар УОК-ын даргын шийдвэрээр тээврийн салбарт байгуулсан шуурхай бүлгээс өнөөдөр мэдээлэв. Жолооч нарыг хилээр нэгдсэн зохион байгуулалттай хил нэвтрүүлж PCR-ийн шинжилгээ өгүүлэх талаар БНХАУ-ын талтай тохиролцжээ. Үүний үр дүнд өнгөрсөн амралтын өдрүүдэд 2 автобусаар 191 жолоочийг хил нэвтрүүлж шинжилгээ өгүүлжээ. Өнөөдөр 300 жолоочийг хил нэвтрүүлж шинжилгээ өгүүлэхээр тохиролцож, эхний 145 хүнийг 2 автобусаар гаргахаар бэлэн болоод байгаа талаар АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Мөнх-Эрдэнэ мэдээллээ. 

Харин Замын-Үүд дэх тээврийн нөхцөл байдлын талаар АТҮТ-ийн Замын-Үүд дэх салбарын дарга А.Хатансайхан, “БНХАУ-ын талтай өчигдөр 30 тээврийн хэрэгсэл солилцсон. Өнөөдөр 17 тээврийн хэрэгсэл гаргана. Хятадын талд байгаа 60 тээврийн хэрэгслийг хорь, хориор нь гурван удаагийн таталтаар авна” гэж танилцуулав. 

Зам, тээврийн салбар дахь улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий шуурхайн бүлгийн хурлыг өнөөдөр ЗТХ-ийн сайд Л.Халтарын удирдаж, ЗТХЯ, ГХЯ, ХХЕГ, Гаалийн ерөнхий газар, ТЦА-ны төлөөлөл, аймгуудын Засаг дарга, Авто тээврийн төвийн дарга нар оролцож, улс хоорондын тээвэрлэлт, хилийн боомтын үйл ажиллагаанд үүсч буй хүндрэлийн талаарх мэдээлэл солилцож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж, холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохицуулалт хийх шуурхай механизмын талаар хэлэлцлээ.

Шуурхай бүлгийн ахлагч, ЗТХ-ийн сайд Л.Халтар, Гашуунсухайт боомтод жолооч нарыг хэзээ, хэдийд, хэрхэн шинжилгээнд хамруулах, шинжилгээнд хамрагдсан жолооч нарыг ямар дэс дарааллаар нүүрс тээвэрлэлтэд оруулах зэрэг үйл ажиллагааг тогтмолжуулах график гаргаж мөрдөх чиглэл өглөө.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet