COVID-19

БНХАУ манай улсад 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж өглөө

БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас Монгол Улсад шинэ коронавируст (КОВИД-19) халдварын цар тахалтай тэмцэхэд зориулж 4 сая юань буюу 1.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий Полимеразын гинжин урвалын анализатор машин, вирусын нуклейн хүчлийг ялгагч аппарат тус бүр 4 ширхэгийг тэдгээрийн оношлуур, ялгагч багцуудын хамт хандивлаж байгааг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй хүлээлгэн өглөө. 

Эдгээр тоног төхөөрөмжийг хүлээн авах үеэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол Улсад халдвар голомтлон тархаж эхэлсэн амаргүй хүнд үед БНХАУ-ын Засгийн газраас КОВИД-19 халдварыг илрүүлэх, баталгаажуулах гол шинжилгээний аппаратуудыг оношлуурын хамт иж бүрнээр хүлээлгэн өгч байгаад талархал илэрхийлж, энэхүү арга хэмжээ нь цаг үеэ олсон нэн чухал арга хэмжээ болсныг онцлон тэмдэглэв. 

Тэрээр КОВИД-19 халдвар тархаж эхэлсэн үеэс хоёр улс харилцан бие биедээ тусалж дэмжиж ирсэн бөгөөд энэ удаагийн тусламж нь эдгээр хандив тусламжийн томоохон хэсэг болохыг онцлоод дээрх оношилгооны аппаратуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төв болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвд тус тус хүлээлгэн өгч одоогоор нийт 100,000 гаруй хүнд шинжилгээ хийсэн болохыг мэдэгдлээ. 

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ БНХАУ-ын Засгийн газраас шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгслийн багц тусламжийг Монгол Улсад үзүүлж байгаа ба энэ удаа дөрөв дэх ээлжийн тусламжийг хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдээд Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлов.

Мөн БНХАУ-д халдварын цар тахал дэгдэх үед Монгол Улсын төр засаг, ард иргэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ 30,000 хонь бэлэглэсэн явдалд Хятадын ард түмэн тун их баяртай байгааг мэдэгдээд цаашид хамтын хүчээр цар тахлыг ялан дийлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Энэхүү цахим арга хэмжээний үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Вирус судлалын лабораторийн тасгийн эрхлэгч Б.Дармаа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Лавлагаа лабораторийн вирус судлаач У.Өнөрсайхан нар оролцож, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур хандивласанд талархал илэрхийллээ. Мөн арга хэмжээний үеэр Элчин сайд Цай Вэньруй тус улсын Элчин сайдын яамнаас ХӨСҮТ-ийн эмч ажилтнуудад зориулж 500,000 юань-ийн мөнгөн тусламж үзүүлж байгааг хүлээлгэн өгснөө мэдэгдэж, халдвартай тэмцэж байгаа бүх ажилтнуудад ажилд нь амжилт, эрүүл мэндийг хүсэн ерөөв. ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мөнгөн тусламжийг талархан хүлээн авч, БНХАУ-ын Элчин сайдын яамны хамт олонд чин сэтгэлийн хариу талархал илэрхийлж үг хэлэв.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet