ДЭЛХИЙН МЭДЭЭ

АНУ Курилын арлууд дахь оросуудыг япончууд гэж үздэг гэдгээ мэдэгдэв

Курилын маргаантай арлуудад суурьшсан Оросын иргэдийг япончууд гэж үздэг гэдгээ АНУ-ын албан тушаалтнууд мэдэгдсэн байна. Японы Хоккайдо Шимбун сонинд өнгөрсөн баасан гарагт Хабомай, Шикотан, Кунашир, Итуруп аралд төрсөн оросуудыг АНУ-ын эрх баригчид япон гэж үздэг талаар бичжээ. Гэхдээ эдгээр арал ОХУ-ын эзэмшилд тооцогддог бөгөөд 20 гаруй мянган оршин суугч нь орос, украин, беларусь, татар гаралтай хүмүүс юм.

Курилын арлуудын харьяаллын талаар Япон, Оросын хооронд үүссэн газар нутгийн маргаан нь хэдэн арван жилийн хугацаанд шийдэгдээгүй хэвээр байгаа билээ. Чухамхүү энэ асуудал нь хоёр улсын хооронд энхийн гэрээ байгуулахад бул хар чулуу мэт саад тотгор болсоор байгаа юм. Японы Ерөнхий сайд “Курил хэзээ ч оросынх байгаагүй” гэж хэлдэг бол ОХУ-ын Ерөнхийлөгч Курилд айлчилж, өөрийн харьяаных гэдгээ илтгэхийг оролдсоор ирсэн юм. Харин Курилын асуудлаар дэлхийн аль ч орон зүрхлэн дуугарч чадахгүй л байна.

Курил Сахалины арлуудын талаар хоёр улс цөөнгүй гэрээг байгуулж байсан бөгөөд япончууд 1855 онд байгуулагдсан анхны гэрээг мөрдлөг болгодог юм. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Вашингтоны шийдвэртэй холбоотой хийсэн мэдэгдэлдээ “АНУ-ыг ревизионист гүрэн гэдгийг батлах илүү нэмэлт баримт хэрэгтэй гэж үү” хэмээгээд “1945 онд Курилын арлуудыг Зөвлөлт холбоот улсад шилжүүлсэн. Гэхдээ АНУ-ын Төрийн департамент газар нутгийн реваншизмыг дэмжиж байна” гэжээ.

Эх сурвалж: RT.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet