COVID-19

АНУ-д нэг өдөрт “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо 2000 давлаа

АНУ-д нэг өдөрт “COVID-19”-ийн улмаас нас барсан хүний тоо өнгөрсөн тавдугаар сараас хойш анх удаа 2000-аас давж, улс даяар эмнэлгүүд дүүрч, цаашид ч халдварын тохиолдлын тоо эрчимтэй өсөх хандлагатай байгааг холбогдох мэргэжилтнүүд онцолжээ. Өнгөрсөн мягмар гарагт амиа алдсан хүний тоо 2100-д ​​хүрч, Жонс Хопкинсийн их сургуулийн дүнгээс үзэхэд өдөрт дунджаар 200 гаруй мянган хүн халдвар авч байгаа аж. Олон сая америкчууд сэрэмжлүүлгийг үл тоомсорлож Талархлын баярын амралтын өдрүүдэд дотооддоо аялж байгаа тул цаашид халдварын тохиолдол өсөх нь дамжиггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.

Цар тахал дэгдсэнээс хойш АНУ-ын нийт 260 мянга гаруй хүн амиа алдаж, 12.6 сая хүн коронавирусээр халдварлаж, тус улс халдварын тохиолдол, нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа. Жонс Хопкинсийн Анагаах ухааны сургуулийн доктор Татьяна Проуэлл “Америкчуудын хувиа хичээсэн сэтгэлгээ олон зуун мянган хүний аминд хүрч буй нь үнэхээр харамсалтай” хэмээн твиттертээ жиргэжээ. АНУ-ын Засгийн газраас оны сүүлч гэхэд улсын хэмжээнд 6.4 сая “COVID-19”-ийн вакциныг тараахаар төлөвлөж байгаа аж. АНУ-ын шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден ирэх оны нэгдүгээр сарын 20-нд үүрэгт ажилдаа орохдоо цар тахлын эсрэг тэмцэхийг хамгийн чухал зорилгоо болгоно гэж амласан билээ. Харин бүрэн эрхээсээ чөлөөлөгдөж буй Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаар чимээгүй хэвээр байгаа юм.

Эх сурвалж: https://www.aljazeera.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet