Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан, цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойг Ерөнхийлөгчийн зарлигаар улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд Үндэсний түүхийн музейгээс “Наймдугаар Богд Жавзандамба хутагт” тусгай үзэсгэлэнг энэ сарын 31-нийг дуустал өөрийн байранд зохион байгуулж буй юм. “Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнг Үндэсний түүхийн музейн баруун урд жигүүрийн танхимд дэлгэж, нээлтийн ёслолд Үндэсний түүхийн музейн захирал Д.Сүхбаатар, бурхан шашинтны төв хийд Гандантэгчилэн хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, ШУА-ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл, төрийн соёрхолт эрдэмтэн түүхч О.Батсайхан болон эрдэмтэн судлаачид оролцсон юм. Үзэсгэлэнд Жавзандамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухал 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьсан байв. Түүхэн ховор үзмэрүүдийг дотоодын үзэгчдээс гадна АНУ, БНХАУ, БНСУ, Герман, Швед гээд гадаадын жуулчид ихэд сонирхож үзлээ. Жуулчдын төлөөллийг цөөн хором саатуулж, сэтгэгдлийг нь сонссон юм.
Чон Жэ Хим (БНСУ-ын иргэн)
-Монголын сүүлийн хааны тухай үзэсгэлэнг үзэж сонирхлоо. Хамгийн түрүүнд бодогдсон зүйл гэвэл монголчууд түүхэн ховор, үнэт зүйлсээ маш чамбай авч үлдэж чаджээ. Аливаа улсын түүх өнгөрсөн үетэй нь салшгүй холбоотой. Тэр утгаар өнгөрснөөс үлдсэн зүйлийг үеэс үед нандигнан авч үлдэх нь маш чухал. Монгол Улсын тухайд энэ үүргээ сайн биелүүлж чадаж байгаа нь миний орсон музейнүүдээс тод харагдаж байна.
Роман (АНУ-ын иргэн)
-Монгол Улсад ирээд цөөхөн хонож байна. Монголын түүхийн музейг үзэхээр иртэл энд танай улсын хааны тухай үзэсгэлэн нээгдсэнд ихэд олзуурхлаа. Үзмэрт тавьсан хувцаснуудыг алт, шүр, сувдаар чимэглэсэн нь үнэхээр гайхалтай санагдлаа. Мөн Богд Жавзандамба хутагтын цайны цул мөнгөн домбоны хийц үгээр хэлэхийн аргагүй санагдсан. Түүнийг хүний гараар урласан гэхэд итгэмээргүй. Бас монгол бичиг дэлхийд цор ганц, дахиж хэзээ ч давтагдахгүй бичиг байна гэж бодлоо.
Хоа Ши (БНХАУ-ын иргэн)
-Энэ жилийн аяллаа хөрш орноосоо эхлүүлж байгаа юм. Монголын хөдөөгөөр цөөн хоног яваад ирлээ. Мэдээж тухайн улсын түүхэн дурсгалт газрууд тэр дундаа музейг нь үзэхгүй өнгөрөөж болохгүй. Монголын түүхийн музейг үзлээ. Сан хөмрөг арвин их, ховор нандин үзмэртэй юм байна. Мөн Богд хааны үзмэрийн танхимыг үзлээ. Хөтөч хэлэхдээ энэхүү танхимыг түр нээгээд байгаа гэж байна. Миний бодлоор ховор нандин, үнэт үзмэртэй тус танхимыг тогтмол гаргаж байвал жуулчдад тун сонин байх болов уу гэж бодлоо гэсэн юм.
Мөн анзаарч байхад энэхүү үзэсгэлэнд иргэд хүүхдүүдээ дагуулан олноороо ирсэн нь үр хойчдоо өв соёл, үүх түүхээ таниулахын ач тусыг мартаагүй бололтой. Хүүхдүүд ч үзмэрүүдийн тайлбарыг тогтон уншиж, эргэлзэж тээнэгэлзсэн зүйлээ ижий, ааваасаа асуух нь сайшаамаар харагдсан. “Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнд дэлгэсэн 60 гаруй үзмэрүүдээс Эх дагина Дондогдуламын алт, мөнгө, шүр, сувдан чимэглэлтэй улбар торгон хантааз олныг анхаарлыг ихээхэн татаж байв. Энэхүү хантааз нь XIX зууны сүүлч XX зууны эхэнд холбогдох бөгөөд өндөр 62 см, өргөн 61 см. Торгоор урлаж, сувд, шүрээр чимэглэжээ. Тодруулбал, улбар шар өнгийн торгон дээр алт болон мөнгөн утас, улаан ногоон, шар өнгийн утсаар хээ хуар, цэцэг навч, усан үзмийн хатгамал оёжээ. Энгэр болоод ар талдаа тус бүр гурван дугуй, хоёр мөрөн дээрээ хагас дугуй хээг алт, мөнгөн утсаар даруулан хээ гаргаж оёж дотор талд нь улаан шүрээр ханз үсгэн хээ гаргасан байна. Дугуй хээгээ дөрвөн тэгш хэмд хуваан нүд тус бүрд баяр болон ерөөлийн үгийг жижиг улаан шүр хэлхэн даруулжээ. Уг хантаазанд таван ширхэг цагаан тана суулгасан шармал хавтгай товчыг хадсан бөгөөд хөх цэнхэр чисчүү дотортой байв. Эх дагинын алтан цаг, мөнгөн ташуур, өргөмөл хүүхдүүдийн хамт зогссон гэрэл зургууд, Богд хааны лам дээл, хаш аяга, таваг, халбага, сэрээ гээд үзмэрт сонин содон зүйл олон ажээ.
Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй,
• 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан,
•1915-1920,1921оныхоёрдугаар сараас долоодугаар сард Автономит Гадаад Монгол Улсын хаан,
• 1921 оны долдугаар сараас 1924 оны тавдугаар сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байв.
Наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, үйлс нь Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, шарын шашныг цэвэр ариунаар мандуулан, монголчуудын оюун санааг хиргүй тунгалаг байлгахад зориулагдсан гэдэг.
НАЙМДУГААР БОГД ЖАВЗАНДАМБА ХУТАГТЫН ТУХАЙ
Наймдугаар Богд хутагт нь 1869 оны аравдугаар сарын 13-ны өдөр Төвдийн нийслэл Лхас хотод эцэг түшмэл Гончигцэрэн, эх Ойдовдулам нарын дөрөвдүгээр хүү болон мэндэлжээ. Тэр үеийн XII Далай лам Принлэйжамц болон Банчин богд Дамбийванчүг нар түүнийг Ар Халхын Авралт итгэлт Наймдугаар Богд хэмээн тодруулж, равжун сахил хүртээн АГВААНЛУВСАНЧОЙЖИН ЯМДАНЗАНВАНЧҮГ хэмээх алдрыг хайрлав.
Манж чин улсын хаан Бүрэн засагчийн үед Монголд залж, 1874 онд буюу билгийн ХҮ жарны хөхөгчин гахай жилийн өвлийн тэргүүн сард Их хүрээнд Халхын Наймдугаар Богдод өргөмжилж даншиг мандал, хэргэм цол, эрх ямбыг өргөжээ. Номын багшид ёнзин Ари брүлгү Хайдавданзанчойжиням, Гачин Балданчойнбэл, ёнзин Лувсанхаймчиг нарыг залж судар тарнийн номын хязгааргүйг хүртээсэн байна. Богд гэгээн 1908 онд Гунгаачойлин дацанд гавжийн дамжаа барьж гавж мяндаг цолтой болсон бөгөөд 1910 онд Их хүрээнд буддын гүн ухаан судлах Сэра игчааны дагуу Идгаачойнзинлин дацанг, 1912 онд Жанрайсиг дацанг байгуулжээ. Мөн 1910 онд Наймдугаар богдын зарлигаар Их хүрээнд хүрээ барын Ганжуурыг бүрэн хэвлэж хэвлэлийн ерөөлийн үгийг бичиж байжээ. 1911 оны цагаагчин гахай жилд монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж Наймдугаар Богд Жавзандамба хутагтыг шинэ мандсан Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээлшгүй эрхт БОГД ХААН-д өргөмжилж өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Манж чин улсын 200 гаруй жилийн дарлалыг эцэс болгож тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан аж. Тэрбээр 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг удирдан манлайлж, Манжийн дарлалаас салгаж, тусгаар улс болгож чадсан, нийт монголчуудын оюун ухааны их удирдагч байв.
Богдыг Наран гэрэлт, Түмэн наст Богд эзэн хаанд өргөмжилсөн энэ өдрөөс монголчууд “Олноо өргөгдсөн” хэмээх шинэ он тоололтой болжээ. Богд Жавзандамбын санаачлагаар Өндөр гэгээний зохиосон Соёмбо үсгийг 1911 онд төрийн туг, далбаанд хүндэтгэлтэйгээр оруулсан байна. Монгол оронд өрнөсөн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн нь хувьсгалт үйл явц болон өрнөж улмаар 1921 онд хаант төрийг халж Наймдугаар Богдыг хэмжээт эрхэт хаанд өргөмжилсөн байна. Улмаар Монголчуудын эв нэгдэл, тусгаар тогтнол, төр, шашны төлөө тэмцэгч Наймдугаар Богд Жавзандамба ХҮ жарны хөх хулгана жил буюу аргын 1924 онд 56 настайдаа таалал төгссөн юм.
Дашрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр “Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай” зарлиг гаргасаныг Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан өнгөрсөн нэгдүгээр сард олон нийтэд танилцуулж байсныг уншигч та санаж буй биз. Тэрбээр хэлэхдээ “150 жилийн ойн хүрээнд Богд хааны ордон музейн дэргэд Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолбор байгуулах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, түүхэн кино бүтээх, баримт бичгүүдийн эмхэтгэл, гэрэл зураг, түүхийн ховор эд өлгийн зүйлсийн үзэсгэлэн гаргахыг Засгийн газарт зарлигаар чиглэл болгосон байгаа” гэсэн юм. Тэгвэл энэхүү зарлиг биеллээ олж, “Наймдугаар Богд Жавзандамба хутагт” тусгай үзэсгэлэнг ийнхүү олон нийтийн хүртээл болгоод байна.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах