ДЭЛХИЙН МЭДЭЭ

Жанет Йеллен АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд боллоо

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден өөрийн засаг захиргаанд ажиллах багаа бүрдүүлж эхэлжээ. Тэрбээр Сангийн сайдын албан тушаалд туршлагатай санхүүч, Холбооны Нөөцийн банкны тэргүүнЖанет Йелленийг нэр дэвшүүлжээ. Жанет Йеллен АНУ-ын түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд болох юм. 

Өдгөө 74 настай Йеллен нь конгресст төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай санхүүч бөгөөд 2010-2014 онд АНУ-ын Холбооны Нөөцийн банкны дэд ерөнхийлөгч, 2014-2018 онд ерөнхийлөгчөөр нь ажиллаж байжээ. Цар тахлын улмаас эдийн засаг доройтсон энэ үед түүнийг улс төрийн намууд болон Холбооны нөөцийн банктай сайн хамтран ажиллаж, одоо гацаанд ороод буй эдийн засгийг дэмжих хөтөлбөрийг урагшлуулж чадах хүн гэж шинжээчид дүгнэж байна. Йеллен эдийн засгийн ухааны докторын зэргийг Йелийн их сургуулиас хүртэж, Калифорнийн, Берклийн, Харвардын их сургуулиудад эдийн засгийн онол зааж байжээ. Түүнчлэн Жо Байден туршлагатай дипломатч Энтони Блинкенийг Төрийн нарийн бичгийн даргын суудалд томилохоо мэдэгджээ. Ингэснээр түүний засаг захиргаа Дональд Трампын “Америк нэгдүгээрт” бодлогоос татгалзаж, глобалчлалыг дэмжсэн бодлого баримтлах нь тодорхой болж буйг ажиглагчид онцолж байна.

Мөн Ерөнхийлөгч Барак Обамагийн үед Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жон Керриг уур амьсгалын асуудал хариуцсан тусгай элчээр сонгосноо зарласан байна. Жо Байден засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг ирэх долоо хоногт албан ёсоор зарлахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet