СОНИН ХАЧИН

Дэлхийн хотуудын ҮНЭТ туршлагаас

Цасыг эрчим хүчний эх үүсвэр болгосон хот

Өвлийн хот гэсэн давуу талаа ашиглан цасыг эрчим хүчний эх үүсвэр болгох аргыг Саппоро хотынхон сэджээ. Тус хот  цас хайлуулах том танкийг газар дор байгуулсан байна. Саппород өвөл их хэмжээний цас ордог бөгөөд түүнийгээ япончууд хавар болтол нөөцөлдөг гэнэ. Харин ийнхүү нөөцөлсөн цасаа гуравдугаар сард  хайлуулж, зэргэлдээх байшингуудын хөргөлтийн системд ашигладаг юм байна.

Цас ордог давуу талаа ашиглаад агааржуулалтын системд зарцуулдаг байсан эрчим хүчний хэрэглээгээ тэд ийнхүү бууруулж чадсан нь гайхалтай. Түүгээр зогсохгүй танканд хуримтлуулсан их хэмжээний цас хайлан урсах үйл явцыг эрчим хүчний бас нэг эх үүсвэр болгожээ. Өөрөөр хэлбэл, хайлсан цасны урсгалаар эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан үүсгүүрийг суурилуулсан юм байна.

Хөргүүрийн энэ системийг зөвхөн агааржуулалтад бус, хүнсний зоориудад ч ашигладаг аж. Харин цасаар хүйтэн агаар үлээлгэх системийг цэцэрлэгт хүрээлэн, амьтны хүрээлэн зэрэг нийтийн эзэмшлийн байгууламжуудад ашиглаж эхэлж байгаа юм байна. Цас гудамж талбайг хальтиргаа гулгаатай болгож, замын бөглөрөл үүсгэн хотын иргэдэд хүндрэл учруулдаг ч халуун, дулаан, хоёрхон улиралтай хотынхонд үзэхийг хүсдэг байгалийн өвөрмөц үзэгдэл нь цас ажээ. Энэ давуу талыг тус хотынхан мэдэрч чадсаны илрэл нь “Саппорогийн цасны наадам”.  

60 гаруй жил уламжлал болгон явуулсан энэ наадмыг 2011 онд л гэхэд дотоод, гадаадын 2.4 сая хүн очиж үзсэн байна. Уг баярт зориулан Саппоро хотынхон цас, мөсөөр 250 гаруй уран баримал бүтээж, цасны спортын арга хэмжээ зохион байгуулж, түүгээрээ хүмүүсийг татаж чаддаг аж.

Италийн Больцано

Хүн амынх нь 25 хувь нь Герман хэлээр ярьдаг энэхүү хотыг Италийн Зул сарын нийслэл гэж нэрийддэг. Өвөлдөө цас их унадаг Больцано хотыг жил бүр олон мянган жуулчин зорьж очдог. Хот цас их ордог байдлаа давуу тал болгон ашиглаж өвлийн жуулчлалын салбараа хөгжүүлэхэд багагүй анхаардаг.   Тус хотод дэлхийд алдартай  “мөсөн хүн” гэж нэрийдсэн занданшуулсан шарил байдаг. Больцано хотын  Өмнөд Тиролийн археологийн музейд байдаг энэ шарилыг археологчид Отци гэж нэрлэдэг. 5000 жилийн өмнө  амьдарч байсан энэ хүний шарил зарим хувцастныхаа хэсэгтэй маш сайн хадгалагдаж өнөө хүрсэн. Анх 1991 онд Итали, Швейцарийн хил дээрээс мөсөн дундаас германы жуулчид олсон.

Eventful Bozen in the winter › kolpingbozen.it

Оросын алдарт Улаан талбай өвөлдөө мөсөн талбай болдог

Оросуудын хувьд шинэ жил хамгийн том баяруудынх нь нэг. Алдарт Улаан талбай бол жуулчдын очихыг хүсдэг газруудын нэг. Гэвч өвөлдөө их цас орж, багагүй хүйтэрдэг Орос орныг өвлийн улиралд зорин очих жуулчдын тоо эрс цөөрдөг тул алдарт Улаан талбайгаа арваннэгдүгээр сарын 30-аас гуравдугаар сар хүртэл мөсөн талбай болгон ашигладаг байна.

Red Square in Moscow, Russia

Оттава хотод  цас их ордог ч халтиргаа, гулгаа үүсдэггүй

 Канадын Оттава хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэлд  тооцогддог билээ. Тус хотод  цас их ордог, хурдан малтаж цэвэрлэхгүй бол заримдаа айлын хаалга үүд дарах, зам бөглөх аюултай байдаг. Иймд цас орсны дараа том, жижиг олон төрлийн автомашин гудамж, замын цасыг шуурхай түрж, давс цацан байнга хуурай байлгадагаас халтиргаа, гулгаа үүсэх нь ховор. Харин явган хүний зам дээр шил шиг гялгар бүрхүүл тогтож хүндрэл учруулах, модон дээр мөн мөсөн бүрхүүл тогтож, зарим мөчир даахгүй хугарах тохиолдол ажиглагддаг байна. Иймд айл өрхүүд мод, бут сөөгөө өвөл нь  ороож хөлдөхөөс болон мөчир нь хугарахаас хамгаалдаг ажээ.

Rideau Canal, Ottawa, Canada

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet