ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хөл хорио тогтоогоогүй бол халдварын улмаас нас барсан хүний тоо өсөх байсныг судлаачид онцлов

Европын орнуудад коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлахын тулд энэ оны эхээр хөл хорио тогтоосноор гурван сая гаруй хүний амь насыг аварсаныг Лондоны Хааны коллежийн судлаачид тооцоолжээ. Хөл хорио тогтоогоогүй бол халдварын улмаас нас барсан хүний тоо маш өндөр байх байсан гэдгийг судлаачид мөн онцолсон байна.

Хааны коллежийн судлаачид Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Норвег, Испани, Швед, Швейцарь, Их Британи зэрэг Европын 11 оронд тогтоосон хязгаарлалтын арга хэмжээнүүдийн тавдугаар сарын эхэн үе хүртэлх нөлөөг судалжээ.

Тухайн үед тэдгээр оронд халдварын улмаас 130 мянга орчим хүн нас бараад байсан юм. Судлаачид хөл хорио тогтоогоогүй тохиолдолд хэчнээн хүн нас барах байсныг халдварт өвчний загварчлал ашиглан таамагласан байна.

Protest against coronavirus restrictions in Rome, Italy, 13 November 2020.

Тэдний тооцоолсноор, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоож, хүмүүсийг гэртээ байхыг уриалах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээгүй бол тавдугаар сарын 4 гэхэд 3.2 сая хүн халдвараар нас барах байжээ. Үүнээс үзэхэд хөл хорио 3.1 сая хүний амь насыг аварсан гэсэн үг юм. Тодруулбал, Их Британид 470 мянга, Францад 690 мянга, Италид 630 мянган хүн халдвараар нас барж болзошгүй байсан гэж “Nature” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэсэн байна. Судлаачдын үзэж буйгаар, хөл хорио тогтоогоогүй байсан бол Европт тавдугаар сарын эхэн үе гэхэд 15 сая хүн коронавирусээр халдварлах байжээ. Мөн Калифорнийн их сургуулийн судлаачид БНХАУ, БНСУ, Иран, Франц, АНУ-д тогтоосон хөл хорионы нөлөөг судалсан бөгөөд тэдний тооцоолсноор, хөл хорионы арга хэмжээнүүд 530 сая хүнийг халдвар авахаас урьдчилан сэргийлсэн аж Хөл хорио тогтоохоос өмнө халдварын тохиолдлын тоо хоёр өдөр тутам хоёр дахин нэмэгдэж байсныг уг судалгаанд онцлон тэмдэглэжээ. 

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet