Live
COVID-19

УОК: Сэлэнгэ, Улаанбаатарын батлагдсан тохиолдол нэг эх үүсвэртэй байх магадлалтай

УОК-ын даргын зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Шадар сайд Я.Содбаатар танилцууллаа.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай 92 хүнийг эмчилж байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байна. Засгийн газрын хуралдаанаар бидэнд зарим чиглэлийг өгсөн. Тухайлбал, хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулах. Энэ хүрээнд нийслэл рүү 407 тонн мах нийлүүлсэн. Хүнсний тусгай зориулалтын машинуудад маргаашнаас эхлэн тууз наагаад байна” гэлээ.

Мөн:

– Дотуур байрны оюутнуудад хүнс тараах үүргийг БСШУ-ны сайдад даалгасан.

– Өнөөдөр БНСУ-аас өндөр хүчин чадал бүхий  оношлуур хүлээн авсан.

– Маргаашнаас эхлэн коронавиурсийн халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтлын хүмүүсээс нийслэл дэх 11 цэгт сорьц авна.

– Иргэд хувийн унаагаараа зорчих эрхтэй. Улсын хэмжээнд 6000 хүн хөл хорионд хяналт тавин ажиллаж байна. Тэдэнд бүгдэд нь заавар өгсөн. Иргэдээс нийтийн тээврээр зорчихыг шаардах учиргүй гэж байлаа.             

СЭТГҮҮЛЧДИЙН АСУУЛТАД ХАРИУЛАВ.

– Сэлэнгэ аймгийн батлагдсан тохиолдлын эх үүсвэрийг тогтоосон уу?

-Сэлэнгэ аймагт гарсан энэ тохиолдол Улаанбаатарт гарсан тохиолдолтой нэг эх үүсвэртэй гэж эцэслэн тогтоогоогүй байна. Гэхдээ мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар энэ хоёр нэг үүсвэртэй байх магадлалтай.

-Увс аймагт иргэдийг тусгаарласан уу? 

Хэд, хэдэн аймаг руу ойрын хавьталд тооцогдох хүмүүс зорчжээ. Тэднийг хаана байгааг нэг бүрчлэн тогтоосон. Тэднийг гэрийн хорионд оруулсан. Хэдий эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч гэрийн хорионд орох ёстойг анхааруулсан. Давтан шинжилгээний хариу хүлээж байна.     

-Энэ сарын 19-нд Франкфуртаас ирэх нислэгийг яах вэ?

-Энэ нислэгийг цуцалсан. Хүн тээврийг зогсооно. Учир нь нийслэлд болон Сэлэнгэд гарсан халдварыг хумих нь илүү чухал. 

-Төсөв баталлаа. Халдвараас хамгаалах төсвийг хангалттай тавьсан уу?

-Зардлыг танаагүй, харин ч нэмсэн. Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй. Дэлхий нийт энэ асуултад хариулж чадахгүй байна. Иймд төсвийг тодотгож магадгүй.      

-“Энхсаран” сувиллын удирдлагуудад хариуцлага тооцох уу?

-Улс даяар байдал хүнд байна. Бидэнд хүнд хариуцлага тооцох цаг олдоно шүү дээ. Тэр хүмүүс сүүлийн арван сарын турш гэр бүлээ орхин ажилласан. “Энхсаран” сувилалд хариуцлага алдсан нь үнэн. Ийм үед улстөржиж болохгүй.

Бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Маргааш Засгийн газар дахин хуралдана. Онцгой байдалд ажиллаж буй хүмүүстээ олгох урамшууллыг хэлэлцэнэ.     

-Халдвар авсан иргэдийн мэдээллийг хэт задгай тарааж байна. Тэр хүмүүс дараа нь бидний дунд амьдарна шүү дээ.

-Таны зөв. Халдвар авсан иргэдийн нэр, регистрийн дугаар зэргийг тараасан албан хаагчдад сануулга өгсөн.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet