newswire

АНУ-ын гадаад харилцааны гол бодлогуудад багагүй өөрчлөлт гарахаар байна

 АНУ-ын Ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байдены штабынхан сонгуулийн эцсийн дүнг хүлээлгүй ялалтаа зарлалаа.  Жозеф Байден төлөөлөн сонгогчийн 264 саналыг авсан байгаа бөгөөд ялалт байгуулахад 270 санал шаардлагатай юм. Харин түүний өрсөлдөгч, өнөөгийн Ерөнхийлөгч Дональд Трамп 214 саналтай явж байна. 15 төлөөлөн сонгогчийн саналтай Хойд Каролина мужийн сонгуулийн санал хураалтын дүн найм хоногоос нааш гарахгүй гэнэ. Энэ талаар мужийн сонгуулийн комиссийн төлөөлөгчдөөс авсан эх сурвалжтайгаар NBC агентлаг мэдээлжээ. Энэ зуур Байден шаардлагатай 270 саналыг авч чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Цагаан ордны  одоогийн тэргүүн Дональд Трамп ч гэсэн өөрийгөө ялагч хэмээн зарлаад байгаа юм.  CNN, Fox зэрэг хэвлэл мэдээллийн агентлагууд түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо хэмээн мэдээлж байна. Жо Байден ялалт байгуулсанаар Камала Харрис АНУ-ын дэд ерөнхийлөгч болох нь дамжиггүй болов. Ингэснээр АНУ-ын  түүхэнд анх удаа  өнгөт арьстай эмэгтэй дэд ерөнхийлөгчтэй болох юм. Байден Цагаан ордны тэргүүн болсноор АНУ-ын  гадаад харилцааны гол бодлогуудад багагүй өөрчлөлт гарахаар байна. Дональд Трамп сүүлийн жилүүдэд оюуны өмчийн хулгай, худалдааны шударга бус аргачлалд БНХАУ-ыг буруутгаж худалдааны маргаан эхлүүлсэн. Жо Байден Трампын эхлүүлсэн асуудлыг шийдэж, тарифын асуудлыг эргэн харна гэсэн ч тодорхой төлөвлөгөө танилцуулаагүй юм. Хэдий тийм боловч БНХАУ-д шахалт үзүүлэхдээ холбоотнуудтайгаа хүчээ нэгтгэх нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв. Ерөнхийдөө Жо Байден илүү уламжлалт, тогтвортой байдлыг эрхэмлэсэн гадаад бодлогын амлалт өгсөн. Тэрбээр 2009 оноос 2017 он хүртэл АНУ-ын 47 дахь дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж, 1973-2009 онд АНУ-ын Сенатад Делавэрийг төлөөлж оролцсон.  Түүнчлэн түүний багт гадаад харилцааны туршлагатай олон хүн зөвлөхөөр ажиллахаар байгаа юм. Тухайлбал, АНУ-ын  Ерөнхийлөгч асан Барак Обамагийн дэд туслах Жейк Сулливан, Жорж Бушийн гадаад харилцааны топ зөвлөх байсан Николас Бюрнс зэрэг багтжээ.

Байдены баримтлах гадаад бодлого

Ойрхи-Дорнод: Палестины автономит эрхийг хамгаалах дэмжлэгээ сэргээнэ. Гэхдээ тэрбээр Йерусалим руу нүүлгэсэн АНУ-ын Элчин сайдыг яамыг буцаан Тель Авивт авчрах талаар дурдаагүй. Дональд Трамп Йерусалимыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, Элчин сайдын яамаа нүүлгэснээр Палестины бүрэн эрхэд халджээ.

– НҮБ: НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болон Хүний эрхийн зөвлөл дэх АНУ-ын гишүүнчлэлийг сэргээнэ.

– Европ: Холбоотноо шүүмжилж, буруутгасан өнгө аястай Дональд Трампын хандлагыг өөрчилнө. Гэхдээ тэрбээр Умард Атлантын цэргийн эвсэл буюу “NATO” байгууллагын холбоотнуудын харилцаанд зөрчил үүсгэх эрсдэлтэй.

– Африк: Тус тив дэх АНУ-ын байр суурийг бэхжүүлэхийг хичээнэ. Африк тив нь АНУ болон Хятадын хооронд өрсөлдөөний шинэ талбар болсон юм.

– Ази: Япон, Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэрэг байнга байрших бодлогыг хэвээр хадгалж, сэргээнэ. Харин тэрбээр Хойд Солонгостой харилцаагаа сайжруулахгүй.

– Латин Америк: Мексик болон бусад орны цагаачдыг шүүхийн шийдвэргүй албадан нутаг буцаах гэрээг хүчингүй болгоно. Тэрбээр өмнөд хил дээр хана барихаас илүү үр ашигтай зүйлд анхаарлаа хандуулна. Мөн тэрбээр Барак Обамагийн үед эхэлсэн Кубатай харилцаагаа сайжруулах бодлогыг сэргээнэ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet