newswire

АНУ-ын сонгуулийн талаар мэдэх ёстой зүйлс

Америкчууд шинэ Ерөнхийлөгчөө сонгохоос гадна   Төлөөлөгчдийн болон Сенатын танхим, мужийн захирагч нараа сонгоно.  Холбооны улсын засаглалын хууль тогтоох байгууллага болох Конгресс нь Сенат болон Төлөөлөгчдийн танхимаас бүрддэг.

Төлөөлөгчдийн танхим

Төлөөлөгчдийн танхим нь 435 гишүүнтэй бөгөөд танхимын гишүүд хоёр жилийн хугацаатай сонгогдох бөгөөд  хэдэн ч удаа сонгогдож болдог. Муж  бүр  тойрог болж хуваагддаг бөгөөд мужаас сонгогдох төлөөлөгчийн тоо тухайн мужийн хүн амын тооноос хамаарна. Конгрессийн хоёр танхим хоёулаа хууль санаачлан танилцуулах эрхтэй ч Төлөөлөгчдийн танхим тус улсын хуулийг батлах үндсэн үүргийг, Сенат нь тэдгээрт хяналт тавих болон сайд нар, төрийн захиргааны ихэнх байгууллагуудын удирдлагыг томилох, гадаад улсад суух Элчин сайдуудыг томилох, Дээд шүүхийн гишүүдийг томилох зэрэг боловсон хүчний асуудлаа бүрэн хариуцдаг.  

Сенатын танхим

Сенатын танхим нь 1789 онд анх бүрдсэн бөгөөд Сенатын эрх мэдлийг АНУ-ын Үндсэн хуулийн нэг дэх зүйлд зааж баталгаажуулсан байна. АНУ-ын муж бүрийн хүн амын тооноос үл хамааран хоёр сенатчийг ​​зургаан жилийн хугацаатай сонгодог байна.

Сонгуулийн коллеж

Энэ нь Ерөнхийлөгчийн төлөө мужуудын нэрийн өмнөөс саналаа өгдөг “сонгогч” гэж нэрлэгдэх албан тушаалтан юм. Муж бүр хэд хэдэн сонгогчтой. Сонгогчдын тоо нь Конгрессын төлөөлөгчид (муж болгоныг төлөөлөх хоёр сенатч ба мужийн хүн амын тоогоор тодорхойлогдох Ордны төлөөлөгчдийн нийлбэр)-ийн тооноос хамааралтай. Жишээ нь АНУ-ын хамгийн том зургаан мужийг авч үзэхэд Калифорни 55, Техас 38, Нью Йорк 29, Флорида 29, Иллинойс 20, Пенсильван 20 сонгогчтой. Энэхүү тогтолцоо нь жижиг мужуудад анхаарал хандуулах шаардлага бий болгодог бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид улс орон даяар санал авах хэрэгтэй болдог.

Савлуур мужууд

Айдахо, Аляск зэрэг Бүгд найрамдах нам давамгайлсан мужуудыг “улаан” гэх бол Калифорни, Иллинойс зэрэг Ардчилсан нам давамгайлсан мужуудыг “хөх” гэж нэрлэдэг. Харин “савлуур” мужууд нэр дэвшигчдээс хамаарч давамгайлах нам нь өөрчлөгддөг байна. Иймээс кампанит ажил хийж буй нам ялах боломжгүй гэж үзсэн мужууд руу нэр дэвшигч илгээх эсвэл хөрөнгө оруулалт хийх зэрэг ажлыг хийдэггүй. Ерөнхийлөгчийн төлөөх тулаанууд ихэвчлэн Охайо, Флорида зэрэг савлуур мужуудад болдог аж. Харин 2020 онд Аризона, Пенсильван, Висконсин мужуудыг савлуур гэж үзэж болохоор байгаа юм.

Сонгуулийн ирц

2016 онд сонгуулийн эрх бүхий сонгогчдын 60.1 хувь нь саналаа өгсөн бол 2012 онд 58.6 хувь, 2008 онд 61.6 хувь байжээ. Энэ жил цар тахлын улмаас сонгогчдод эрт санал өгөх боломж олгосон билээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet