ДЭЛХИЙН МЭДЭЭ

БНХАУ Австралийн зэс, элсэн чихэр импортлохоо зогсооно

БНХАУ Австралиас мод импортлохоо зогсоожээ. Түүнчлэн  энэ долоо хоногт элсэн чихэр, зэсийн импортоо зогсоохоор төлөвлөж байгаа аж.  Өнгөрсөн баасан гарагт БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар Квинсланд мужаас импортоор оруулж ирсэн модноос  холтост цох буюу “Ips grandicollis” хэмээх хортон шавьж илэрсэн тул Австралийн бүх мужаас мод импортлохоо зогсоож буйгаа албан ёсоор мэдэгджээ. Үүнээс гадна Австралийн үр тариа экспортлогч “Emerald Grain” компанийн арвайнд  “bromus rigidus” буюу хогийн ургамал ихээр агуулагдаж байгаа учраас Бээжин мөн л импортоо зогсоосон аж . Хятад бол Австралийн арвайн экспортын хамгийн том зах зээл бөгөөд тус улсын арвайн 70 орчим хувийг худалдаж авдаг.

Австрали Улс нь Хятадын   хамгийн том түүхий эд нийлүүлэгч. Гэхдээ цаашид Хятад Улс энэхүү томоохон нийлүүлэгч улстайгаа эвтэй байх уу гэдэг асуудал уул уурхайн салбарт хэн бүхний анхаарлыг татсан сэдэв болоод байна. Австралийн хувьд өнгөрсөн 2019 оны байдлаар Хятад руу нийт 153 тэрбум австрали долларын бараа, үйлчилгээ экспортолжээ. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний 7.7 хувьтай тэнцэнэ. Гэвч шинэ коронавирусийн өвчний эх үүсвэрийг эрэн сурвалжилж олж тогтоох талаар Австралийн Засгийн газар улс орнуудад уриалга гаргасан нь худалдааны томоохон түншид нь тун эмзэг тусжээ. Хятадын Засгийн газар Австралийн уриалгыг ихээхэн эмзэг хүлээн авч буйгаа огтхон ч нуусангүй. Энэ санаачлагаа орхих хэрэгтэйг шуудхан уламжлах болсон. Улмаар тавдугаар сарын 18-нд Бээжин Австралийн арвайн импортод 80 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн.

Мөн Австралийн үхрийн махны импортыг хориглох болсны сацуу дарсны импортод хийх хяналт шалгалтыг чангатгаж эхэллээ. Ийнхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд, тэр дундаа үхрийн махны импортод хориг тавих болсон шалтгаанаа Бээжин хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй гэсэн тайлбар өгсөн байна. Харин үүнийг Австралийн хэвлэлүүдээр ямар ч үндэслэлгүй, шалтаг хайсан зүйл гэж тайлбарлаж байна. Одоогоор Бээжин эрчим хүчний нүүрс Австралиас импортоор авахаа зогсоогоод байгаа юм.

Английн “The Guardian” хэвлэлд өгүүлснээр Хятад улс аажимдаа Австралийн нүүрсийг шахаж Монголоос нүүрс түлхүү импортлох төлөв тодорч мэдэх тухай өгүүлжээ. 2021 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор нэмж 30 сая тонн нүүрс экспортлох боломжтой болно. Энэ нь Австралийн Хятад руу экспортолдог коксжих нүүрсний хэмжээтэй дүйнэ гэж тайлбарлажээ. Монголын нүүрсний экспортод сул хөгжсөн дэд бүтцийн асуудал саад болдог ч нүүрсний өртөг зардлын хувьд Австралийнхтай харьцуулахад илүү өрсөлдөхүйц гэдгийг тодотгожээ. 

Эх сурвалж: www.scmp.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet