ДЭЛХИЙН МЭДЭЭ

Хонконгийн дөрвөн идэвхтэнийг баривчилжээ

Хонконгийн дөрвөн идэвхтэнийг АНУ-ын Консулын газарт ороод гарсны дараа баривчилсан талаар “South China Morning post”  мэдээлжээ. Мягмар гарагийн өглөө АНУ-ын Консулын газрын эсрэг талд байрлах “Pacific Coffee”-гоос “Оюутны локализм” бүлгийн даргаар ажиллаж байсан Тони Чун Хон-ламыг баривчилсан бол хэдхэн цагийн дараа бүлгийн хуучин хоёр гишүүн болох Яннис Хо, Уильям Чан нарыг барьжээ. Тэд үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр өнгөрсөн долдугаар сард баривчлагдаж, батлан даалтаар гараад байсан аж.

Олон сар үргэлжилсэн нийгмийн хямрал, Бээжингийн баталсан үндэсний аюулгүй байдлын тухай маргаантай хууль тогтоомжийн улмаас  гадаадад орогнол хүсэх хонконгчуудын тоо эрс өссөн байна. Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Хонконгийн 136 иргэн Австралийг зорьжээ. Энэ тоо өнгөрсөн жил 120 орчим байсан бол 2018 онд 50 орчим байжээ.Түүнчлэн Их Британи, Герман, Шинэ Зеландаас орогнол хүсэгчдийн тоо өссөн байна. Гадаадад дүрвэж буй хүмүүсийн олонх нь өнгөрсөн онд  болсон Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хэмээн буруутгагдаад байгаа юм. Хятадын эрх баригчдын эсрэг  хориг арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудад уриалсан, хууль бус жагсаал, цуглаан зохион байгуулахад оролцсон гэх хэрэгт буруутгагдсан алдартай таван идэвхтэн хилийн чинадыг зориод байгаа юм. Өнгөрсөн жилийн жагсаалын үеэр баривчлагдсан зарим хүмүүсийг оролцуулаад хэдэн зуун идэвхтнүүд Тайвань, Их Британи зэрэг газруудад хууль ёсны болон хууль бус аргаар зориод байгаа аж.  

Хятадын их сургуулийн дэлхий судлалын багш, доктор Уилсон Чан Вай Шун “Хилийн чинадыг зорьж буй хүмүүс Хонконгийн хууль эрх зүйн системд итгэх итгэлгүй болсон” гэдгийг онцолжээ. Их Британи хонконгчуудад визний тусгай ангилал бий болгож,  амьдрах эрх, улмаар бүрэн иргэний харьяалалтай болох боломж олгож буйгаа мэдэгдсэн билээ. Үүнээс гадна өнгөрсөн долдугаар сард Австрали Улс  10 орчим мянган Хонконгийн оршин суугчид түр хугацааны виз олгохоо мэдэгдсэн.

Эх сурвалж: https://www.scmp.com

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet