НИЙГЭМ

Дэлхийн статистикийн өдөр өнөөдөр тохиож байна

Аравдугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн статистикийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Анх НҮБ-ын Статистикийн комиссын 41 дүгээр чуулганаар дэлхийн улс орнуудын статистикийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор эл өдрийг сонгож байсан түүхтэй.

Улмаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2015 оны 69/282 тоот тогтоолоор Дэлхийн статистикийн өдрийг таван жил тутамд аравдугаар сарын 20-нд тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

  • Дэлхийн статистикийн өдрийг 2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Чанартай үйлчилгээ, мэргэжлийн ур чадвар ба нэгдмэл байдал”,
  • 2015 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Сайн мэдээлэл, бодлого, шийдвэр, сайхан амьдрал” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байв.

Энэ жил НҮБ-ын Статистикийн комиссын ивээл дор уг өдрийг “Найдвартай тоо мэдээллээр эх дэлхийгээ холбоё/нэгтгэе” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн статистикийн өдрийг дэлхийн хэмжээнд үндэсний статистикийн газар, бүс нутгийн болон олон улсын статистикийн байгууллагууд, түүний дотор НҮБ-ын системийн байгууллагууд, их дээд сургуулиуд хамтран тэмдэглэж байгаа юм.

Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавх”-ийн үнэлгээгээр 2019 онд Монгол Улсын үндэсний статистикийн чадавхын ерөнхий дундаж оноо 91.1 болж Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунджаас 16 нэгжээр дээгүүр байна. Тодруулбал, статистикийн аргачлалаар 90 болж 22.5 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж 28.3 нэгжээр тус тус дээгүүр үнэлэгдэв.

Мөн Дэлхийн улс орнуудын албан ёсны статистик мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд үнэлгээ хийдэг “Open data watch” ашгийн бус байгууллагын 2018 оны үнэлгээгээр /178 орны статистикийн байгууллага үнэлгээнд хамрагдсан/ Монгол Улс нийт 100 онооноос 75.6 оноог авч, Зүүн Өмнөд Азийн бүсийн хэмжээнд 1 дүгээр байрт, Дэлхийн хэмжээнд 11 дүгээр байрыг эзэлсэн.

ҮСХ нь олон улсын болон бүс нутгийн статистикийн дээд хэмжээний 5 бүлэг, техникийн зөвлөх 11 багт гишүүнээр амжилттай ажиллаж байна. Тухайлбал 2020 оны 8-р сард зохион байгуулагдсан НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн Засгийн Нийгэмлэг (АНДЭЗНК)-ын Статистикийн хорооны 7 дугаар хурлын үеэр Ази, Номхон далайн орнуудын статистикийн системийг хөгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг НҮБ-ын АНДЭЗНК-ын Статистикийн хорооны товчооны 2020-2022 оны гишүүнээр сонгогдсон болно.

Эх сурвалж: ҮСХ

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet