Зимбабвед цахилгааны дутагдалд оржээ

Зимбабве Улсын төрийн өмчит эрчим хүчний компани нь ард түмнээ цахилгаанаар хангаж чадахгүйд хүрч, улс даяар цахилгаан таслахаас өөр аргагүйд хүрчээ. Ган гачгийн улмаас тус улсын хамгийн том усан цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүйд хүрээд байгаа юм. Өнгөрсөн оны намраас цахилгаан байнга тасрах болсон бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам гэрэлгүй байх хугацаа уртассаар байгаа аж. 2019 оны аравдугаар сард Зимбабвегийн Эрчим хүчний зохицуулах газар (ZERA) ZPC-ийн толгой компани болох “Zimbabwe Electric Transmission and Distribution Company” цахилгаан, эрчим хүчний тарифыг огцом нэмсэн байна. Үнийн өсөлт нь өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, тарифыг инфляцтай уялдуулах зорилготой байв. Гэхдээ цалин хөлс нь тус улсын инфляцийн түвшинтэй хөл нийлүүлж чадахгүй байгаа энэ үед тус улсын ард түмэнд харанхуйг сонгохоос өөр сонголт байсангүй . Өнгөрсөн сарын сүүлчээр цахилгааны тариф дахин 50 хувиар өссөн нь өрхийн санхүүд томоохон дарамт болж хувирсан байна. Тус улсын ард иргэд “Бид энд хоол хийхдээ ч цахилгаан ашиглахаа больсон.

Цахилгааны тарифыг 700 зимбабве доллараар буюу хуучин ханшаар нь төлөхөөр тэмцэж байгаа ч төдийлөн үр дүн гарахгүй байна. Тариф нэмэгдэхэд байдал улам л хэцүү болно” гэдгийг онцолжээ. Албан ёсны ханшаар Зимбабве Улсын 700 доллар 8.5 ам.доллартой тэнцдэг. Зимбабвед удаан үргэлжилсэн эдийн засгийн хямрал, дотоодын үймээн улам бүр хурцадсаар инфляци 800 гаруй хувь болж, валютын ханш нь унаж, цалин хөлс нь үнийн өсөлтийг гүйцэхээ болиод удаж байна. Коронавирусийн цар тахал нь тус улсын санхүүгийн хүндрэлд орсон ард түмэнд ачаа болж, байдлыг улам дордуулжээ. Зимбабве Улсын багш нар сар бүр ойролцоогоор 50 долларын цалин авдаг. Тэтгэвэр авагчид сард 10 доллароос ч багыг авдаг байна. Металлын үйлдвэрт ажилладаг 46 настай Кингстон Симбулани цахилгааны төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн талаараа “Al Jazeera”-д ярьжээ.

Хариулах