НИЙГЭМ

МЭНДЧИЛГЭЭ

Хорвоогийн олон өнгө, нийгмийн амьдралын бодит дүр төрх, урсан өнгөрөх өдөр хоногуудыг “гэрлээр зурж”, түүх шастирт мөнхлөж яваа үе үеийн гэрэл зурагчид Та бүхэнд Монгол Улсад Гэрэл зургийн алба үүсч хөгжсөний85 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдрөөс 85 жилийн өмнө буюу 1935 оны аравдугаар сарын 11-ний өдөр хуралдсан Ардын Сайд нарын Зөвлөлийн 32 дугаар хуралдааны тогтоолын нэгдүгээр зүйлд заахдаа: “Тус улсын үндэсний байдлыг үзүүлэн гаргаж байх кино зургийн үйлдвэрийг аль болох сурталчилгаатайгаар үүсгэн байгуулж, цаашид тус улсын кино зургийн хорооноос кино, гэрэл зургийг үйлдвэрлэх эл хоёр зүйлийн ажлыг хослуулан гүйцэтгэх газар болговоос зохино” гэжээ. Ингэж манай улсын гэрэл зургийн газар нь кино үйлдвэртэй хамт байгуулагдсан түүхтэй.

Монголын гэрэл зурагчид өнгөрсөн он жилүүдэд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн түүхийг мөнхлөх үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэхдээ олон олон үйл явдлын гэрч болж, бодит дүр төрхийг нь хальснаа буулган авч үлдээж чаджээ.

Бид ойгоо угтан анх удаа “Гэрэл зургийн мастер” хэмээх цол, тэмдэг цоо шинээр бий болгож, журмалан баталсан өндөр шалгуурт тэнцсэн дөрвөн гэрэл зурагчин тодруулан шагналаа. Энэхүү нэр хүндтэй өндөр шагналыг В.Баттулга, Ч.Ганбат, Д.Октябрь, Б.Батцэрэн нар анхлан хүртэв.

Түүнчлэн Үндэсний төв архивын сан хөмрөгийг баяжуулах, гэрэл зургаар өгүүлж болох түүхэн үйл явдлыг олон нийтэд сурталчлан таниулах, судалгааны эргэлтэд оруулах, мэргэжил арга зүйн туслалцаа харилцан үзүүлэх, хамтын олон талт үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын Ерөнхий газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.

Санамж бичгийн хүрээнд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Даваасамбуу, ахмад гэрэл зурагчин Л.Санжямтав, Б.Батцэрэн нарын хувийн архивын дээжийг Кино, гэрэл зураг, дуу авианы архивт хүлээлгэн өгч сан хөмрөгийг баяжууллаа.

Мөн 85 жилийн ойдоо зориулан гэрэл зурагчин В.Баттулга, Ц.Батбаатар нарын хамтын бүтээл “Монголын гэрэл зургийн түүхэн товчоон”, гэрэл зураг цуглуулагч, судлаач Ч.Болдын “ХХ зууны Монголчууд” (Гэрэл зураг түүх өгүүлнэ) номоор бэлэг барьж байна.

Тун удахгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор шилдэг гэрэл зургийн “МОНГОЛ-2020” сэдэвт томоохон үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэж байгааг дуулгахад таатай байна.

МГЗНХолбооны зүгээс ирэх 2021 онд тохиох Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил, монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой болон бусад түүхэн олон ой, тэмдэглэлт үйл явдалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах, цомог бүтээх, эл ажилд гэрэл зурагчдаа татан оролцуулах, шинээр байгуулагдсан Соёлын яамтай нягт хамтран ажиллах, гэрэл зурагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд идэвх санаачилга гаргах зорилт тавин ажиллаж байна.

Зүүний сүвэгчээр урсан жирэлзэх өдөр хоног, агшин хормыг аргамжих үйлсэд үнэнчээр зүтгэж, түүхийн хуудсыг амьлуулж яваа гэрэл зурагчдын маань хараа хурц, хальс нь бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе.

МГЗНХ-ны Ерөнхийлөгч Ц.Батбаатар

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet