ДЭЛХИЙН МЭДЭЭ

Путин Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урив

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Армен, Азербайжаны гадаад хэргийн сайд нарыг Москвад урьж, Уулын Карабахын хямрал  мөргөлдөөнийг зохицуулах асуудлыг хэлэлцэхийг  санал болголоо. Энэ тухай Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн бөгөөд Ерөнхийлөгч Путин Армения  Ерөнхий сайд  Николь Пашинян, Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев нартай хэд, хэдэн удаа утсаар ярьж, зэвсэгт мөргөлдөөнөө зогсоож, хүмүүнлэгийн зорилгоор олзлогсод болон амиа алдсан хүмүүсийн  цогцсуудыг солилцохыг уриалсан гэлээ.

Түүх сөхвөл

Уулын Карабахын анклав /тал талаасаа бусдын нутгаар хүрээлэгдсэн газар нутаг/ нь Азербайжаны нутгийн нэг хэсэг гэж тооцогддог боловч 1990-ээд оны эхэн үеэс хойш Армений хяналтанд байгаа юм. Тус бүс нутаг 1991 онд Азербайжанаас салж, тусгаар тогтнолоо зарласан боловч дэлхийн улс орнууд, тэдгээрийн дотор Армени хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байна.

Карабахын хямрал бол хуучин ЗХУ-ын орон зайд үүсээд хамгийн удаан үргэлжилж буй зэвсэгт сөргөлдөөн юм. XIX зууныг хүртэл Карабах нь Армений хаант улсын бүрэлдэхүүнд байсан бөгөөд уг улс задран унасны дараа Персийн эзэнт гүрний мэдэлд оржээ. 1813 оноос Карабахыг Оросын эзэнт гүрэн хавсарган нэгтгэсэн аж.

1917 оны Октябрийн хувьсгалын дараа Кавказын чанадад Гүрж, Армени, Азербайжан гэсэн гурван улс байгуулагдсанаар Карабахын район Азербайжаны бүрэлдэхүүнд оржээ. Энэ шийдвэр Карабахын хүн амын ихэнхийг бүрдүүлдэг арменичуудын дургүйцлийг төрүүлж, улмаар дайн дэгдлээ. Хэдийгээр энэ дайнд армянчууд ялсан боловч большевикууд Уулын Карабахыг Азербайжаны бүрэлдэхүүнд хэвээр нь үлдээжээ. Үүнээс хойш ЗХУ оршин тогтносон хугацаанд тус бүс нутаг ерөнхийдөө нам тайван байсан боловч Карабахыг Арменид шилжүүлэн өгөх тухай асуудал үе үе босч ирж байв. Улмаар 1987 оноос Уулын Карабахад армянчууд, азербайжанчуудын хооронд мөргөлдөөн дэгдэх болжээ.

1991 онд Уулын Карабахын армянчууд тусгаар тогтнолоо зарласныг Азербайжан хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдэн дайн дэгдсэн байна. Орос улс болон Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ Минскийн бүлгийн гишүүн орнуудын зуучилснаар 1994 оны 5 дугаар сард гал зогсоох гэрээ байгуулагдаж, Карабахын дайн зогсжээ. Энэ үед Уулын Карабах болон түүнтэй залгаа 7 район Арменийн цэргийн хяналтанд орсон байлаа. Эдгээр районыг Азербайжаны тал “эзлэгдсэн газар нутаг” үзсээр байгаа бөгөөд алдсан газраа эргүүлэн авна гэдгээ шулуухан мэдэгддэг.

1 сэтгэгдэл

  1. cialis price

    2021-01-06

    hello guos 9128738513

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet