КИНО КАДР

Монгол киноноос монголчууд л харагдах ёстой

ЧИН СЭТГЭЛИЙНХ

“Монголын кино урлаг сэтгэлгээний доройтолд орлоо” гэсэн шүүмжлэл газар авсан үед утга, агуулга болоод зураг авалтаараа “чанар” гэгч зүйлийг тод илтгэсэн “Нар сарны зааг” хийгджээ хэмээн хэвлэлүүд шуугьж байсан нь 2011 он. Бүхий л амьдралынхаа туршид эрүүгийн цагдаагийн албыг зохион байгуулан бэхжүүлж, цагдаагийн байгууллагыг “Интерполь”-д элсүүлсэн Хурандаа Ц.Жамьянсэнгээгийн дурсгалд зориулан уг киног бүтээжээ. Тус кинонд 1970, 80, 90-ээд онуудад Ц.Жамьянсэнгээгийн илрүүлсэн онц хүнд гэмт хэргүүдээс 25 жилийн дараа илрүүлсэн “25 мянгатын хэрэг”, “Нүдний хэрэг”, “Ганбатын”  зэрэг хэргүүдийг онцлон гаргасан байдаг. Тус киноны зохиолыг Төрийн шагналт зохиолч Д.Норов бичиж, МУГЖ О.Бат-Өлзий найруулжээ.

Монголчуудын үндсэрхэг үзэл, омогшил төрүүлэх ёс зүйн хэмжээ хэтэрсэн бүтээлүүдээс тус киног зааглах зүйл нь баримтат тулгуурласан найруулгын онцлог хийгээд ажилдаа чин сэтгэлийн үүднээс хандаж буй хурандаагийн хэв шинжит дүр, аж төрөхүйн аар саархан дарамтыг ажралгүйгээр хүний сэтгэл зүйд нуугдан буй чулуу шиг хатуу мөн чанарыг нээн үзүүлэхийг зорьсон нь олзуурхууштай.

Гэхдээ гол сэдэв рүүгээ орохоос өмнө нэг зүйлийг тодруулах нь зөв. Кино бүхэн өөрийн гэсэн дүрслэлийн хэлтэй бөгөөд энэ нь зохиогчтой хамааралгүй зөвхөн найруулагчийн бүтээл байдаг. Түүнийг ихэнх салбарынхан уран зохиол, тайзны урлагтай хүчээр нийлүүлэн муйхар бодолдоо итгэх нь бий. Мэдээж найруулагч “Нар сарны зааг” киноны дундуур тэтгэвэртээ гарч буй хурандаа Сэнгээгийн өнгөрсөнд илрүүлсэн хэргүүдийг дурсамж байдлаар хэрхэн шийдэж өгөхийг тооцоолоогүй бол, зохиолчоос хамааралгүйгээр дүрслэлийн хэлийг бүтээж өгөөгүй бол уг кино олон нийтийн зүгээс онц дүн авч чадахгүй ба “зааг” гэсэн нэрнийхээ утгыг ч алдагдуулж орхих байлаа.

МОНГОЛ ЭРИЙН “ЖИНХЭНЭ ДҮР”

Урлагт байдаг нийтлэг зорилго яг юу вэ? Хүн төрөлхтөн киногоор дамжуулан юу илэрхийлэхийг зорьсон юм бол? Тэд зүгээр хийхийг хүссэн учир дүрслэлийн нийлмэл өнгөнөөс бүрдсэн дэлгэцийн үйл явдлыг тодорхойлох болсон уу гэвэл “үгүй” гэх хатуухан үнэнтэй тулгарна. Кино урлагт байдаг маш энгийн, нийтлэг зорилго нь энэрэнгүй, гумманистуудыг бэлтгэх хийгээд хүний мөн чанар, сэтгэл зүйн онцлогийг нээн харуулах, өөрийн үндэстнийг дэлхий нийтэд зөвөөр ойлгуулахад чиглэгдсэн байдаг.

Өнөөдөр яг ямар хүнийг монгол эр хүн гэх вэ? гэсэн асуулт нийгэмд даяаршлын өрнөх хуулийн дагуу гарч ирсээр байна. Сүүлд гарсан “Фантастик” продакшны залуусын хийсэн кинонууд зөвхөн энэ асуултын хариуг нэг талаар өгүүлэх гэсэн мэт сэтгэгдэл үлдээдэг. Ер нь монгол эр хүний жинхэнэ мөн чанар, сэтгэл зүйн онцлог, ууч тайван зан чанарыг кинонд гарамгай үзүүлсэн дүр социализмын үед ч тэр бүрэн төгс хийгдээгүй. Бидний мэдэх “Говийн зэрэглээ” киноны Арслан ч үнэндээ урлаг талаас яривал нэг тийм гэнэн, цайлган цагаан, цөлх эрийн дүрээс хэтрэхгүй.

Тухайн үеийн бүтээлүүдэд ихэнхидээ бусдын болоод эх орныхоо төлөө өөрийгөө зольдог, сайхан сэтгэлтэй, уужуу дотортой, хүлцэнгүй эрийн дүрийг киноныхоо баатар болгон улиг болтол давтаж байсан бол одоо бүр оргилд хүрсэн эсвэл эд материал, чамирхал хөөж, элдэв маяг сурталчилсан хиймэл дүрүүдээр дүүрээд буй нь Монголын кино урлагийн туулах ёстой зам ч байж мэднэ.

Мэдээж тухайн киноны дүрийг хэрхэн гаргах нь жүжигчний ур чадвартай салшгүй холбоотой. С.Болд-Эрдэнэтэй “Нар сарны зааг”-ийн Сэнгээ хурандаагийн дүрийг хэрхэн бүтээсэнтэй маргах зүйлгүй санагдана. Түүний үйл хөдлөл, яриа бүрт нь уужуу тайван монгол эрийн чин сэтгэлээс үүдэх сэтгэл зүйн төрх агуулагдана. Энэ бол жинхэнэ дүр. Ямар ч хачирласан элдэв чимэг үгүй.

Кинонд нас барсан ээжтэй нь хэрэгтэйн Ганбатыг уулзуулдаг. Хурандаа Сэнгээ түүний харцыг уншаад эргэж ирнэ гэдэгт бүрэн дүүрэн итгэнэ. Гэвч Ганбат өглөө нь цагаасаа хоцорч байна. Бүгд түгшиж байхад Сэнгээ хурандаа гаднаа илт тайван байсан дотор хүн нь хэрхэн түгшиж буйг жүжигчний нүүрний хувиралаас үзэгчид анхаарах боломжтой. Жинхэнэ дүр гэж үүнийг л хэлээд буй. Ганбат итгэл алдсангүй эргээд ирэх бөгөөд үргэлж шооч байдлын зантай, дэврүүн эр олон зүйлийг тунгаасан, өр нимгэн нэгэн болж хувирсан байдаг. Тэр мэдээж гэмт хэрэгтэн ч гэлээ “хүн” гэх үзлийг дэлгэн харуулсан нь тус киноны хамгийн том философи. Сүүлд Ганбат хурандаа Сэнгээтэй уулзаж тухайн үед өгсөн 10 төгрөгийг буцаан өгдөг. Үүнд үзэгчийн уяраах, сэтгэлийг нь хөдөлгөх гэсэн ямарч чамирхлийн өнгө аясгүй бөгөөд “хүн хүнээ хайрлах” сэтгэл зүйн төлөв байдлын маш энгийн бөгөөд хүчтэйгээр харуулсан билээ.

СЭТГЭЛД ХҮРСЭН БҮХНЭЭС ЦААШ…

Киног хэрхэн хөгжүүлэв. Сэнгээ хурандаа нэгэнт ажлаа хүлээлгэж өгөх нь тодорхой болсон хойно түүнийг албанаас нууцаар хуйвалдан чөлөөлж буй улс төрийн бодлого, нийгмийн завхарлын тухай ч орхигдуулалгүй дурдана. Харин тухайн үед Сэнгээ “Уг надад Сэлэнгийн минь шар тохой л хэрэгтэй байна” хэмээдэг.

Мөнхүү төгсгөлд цагдаагийн ажилтан Сэнгээ хурандаад нэгэн хэргийн талаар илтгэхээр ирнэ. Тэр үед хэрэг мөрдөж байсан цагдаа нэгэн эмгэн бурхантай нүдээрээ ярилцсан гэсэн “Би их зовж явна. Дахиж наашаа битгий зүглэ! Нүглээс хол яв! Миний мэлмий хаагдлаа” гэж бурхан хэлснийг дамжуулдаг. Харин Сэнгээ “Бурхны мэлмий хаагддаг юм байна. Тэгвэл нээгдэх өдөр бас байлгүй” гэнэ. Энэ бүхний далд бэлгэдлийн учрыг найруулагчид ч өөрсдөө тайлж чадахгүй байж мэднэ. Ямартаа ч тэр ажлаа өгөөд чин үнэн оршихуйтайгаа дахин нүүр тулахаар замаар алхан одож буй дүр зураг нь киноны төгсгөлд гарна.

Монголын кино урлаг элдэв чимэг, үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөх гэж хүчилсэн хиймэл дүр, үйл явдалгүйгээр нар саран ээлжлэх өдрүүдийн тэр л бяцхан заагт хүмүүний амьдрал хэрхэн өрнөдгийг харуулж чадсан нь бүтээл бол энэ. Монгол киноноос монголчууд л харагдах ёстой. Нар сарны зааг дээр амьдрал үргэлжсээр, кино урлаг аажуухан урагшилсаар байна. Жаахан бүдчиж явааг нь эс тооцвол шүү дээ…

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet