СОЁЛ УРЛАГ

Өнчрөл хагацлын он жилүүд буюу цор ганц детектив

Өнчрөл хагацлын он жилүүд хэмээх энэхүү бүтээл Ишигүрогийн тав дахь роман бөгөөд 2000 онд анх олны хүртээл болжээ. 1930-1937 оны хооронд Лондон болон Шанхайд ихэнх үйл явдал нь өрнөх энэ романы гол баатар нь Кристофер Бэнкс хэмээх нэгдүгээр биеийн хүүрнэгч юм. Өдрийн тэмдэглэл маягаар бичигдсэн долоон бүлгээс бүтэх энэхүү романы эхэнд өнчин хүү Кристофер Бэнкс аль хэдийнээ нас биед хүрч, Лондон хотынхны дунд нэр хүндтэй, залуухан хувийн мөрдөгч болчихсон яваагаар дүрслэгдэнэ.

Хамгийн төвөгтэй хэргийг ч ядаж цөхөлгүй илрүүлэх түүний хувьд тайлж чадахгүй оньсого, илрүүлж чадахгүй хэрэг гэж үгүй. Нийгмийн дээд хүрээнийхэн дунд түүнийг мэдэхгүй хүнгүй болж, ид мандаж яваа залуухан мөрдөгчийг охид бүсгүйчүүд ч ихэд сонирхох болсны дунд Кристоферын нэгэн адил тавилан үүрч, өнчин өрөөсөн үлдсэн Сара Хеммингс гэх бүсгүй байлаа. Кристофер хэдий амжилттай яваа боловч эцэг эхийнх нь учир битүүлэг алга болсон явдал амар заяаг нь ер үзүүлэхгүй ажээ.

Өнчрөл хагацлын он жилүүд бол Ишигүрогийн бичсэн цорын ганц детектив роман юм.

Гэхдээ Ишигүро детектив төрлөөр ч бусдаас эрс ялгаатай, давтагдашгүй өвөрмөц бичсэн байдаг. Тиймээс энэ роман түүний бусад зохиолууд, тэр дундаа “Өдрөөс үлдсэн зүйл” хэмээх суут бүтээлийн нэгэн адил нарийн урласан түүхэн роман болсон юм.

Хятадад цэцэглэж байсан британичуудын хар тамхины наймаа, Хятад-Японы II дайн, үймж бужигнасан ХХ зууны эхний хагасын Шанхай хот гээд энэ бүхнийг Ишигүро уншигчдадаа давхар танилцуулснаараа уг романыг сонирхолтой төдийгүй тун ч сургамжтай зохиол болгож чаджээ.

Зохиолчийн бүх бүтээлд тавигддаг тэр л асуудлууд энд мөн хөндөгдөж, бидний амьдралд ой дурсамж хэр чухал үүрэгтэй вэ, ер нь бид дурсамжууд, өөрсдөдөө оноосон тэр сайн сайхан төсөөллүүддээ хэр итгэж үнэмшиж болох вэ зэрэг асуултуудад уйгагүй хариулт хайх нь мэдээж.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet